Монгол Улс, Европын холбооны хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Европын Холбооны Элчин сайд Траян Лауренцю Христеа 2020 оны тавдугаар сарын 18, 19-ний өдөр Завхан аймагт ажиллаж аймгийн Засаг дарга Д.Батсайхантай цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцсон билээ.
Дээрх айлчлалын дагуу энэ удаад Монгол дахь төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас тэргүүтэй төлөөлөгчид Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхантай 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр уулзаж дараах чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов. Үүнд:
-
Боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж мэргэжлийн боловсролыг дэмжих, хүний хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах, Монгол Улсад Европын холбооноос энэ чиглэлээр олгох 50 сая еврогийн буцалтгүй тусламжаас тодорхой хувийг Завхан аймагт хэрэгжүүлэх;
-
Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах, Европын сэргээн босголтын банкаар дамжуулан Завхан аймгийн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох;
-
Бүх нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
-
Дэд бүтцийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах;
-
Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хэрэгжих Улиастай-Алтай чиглэлийн 194 км хатуу хучилттай авто зам барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах;
-
Сүүн, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, улаан хальст сармис экспортлох чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.
Мөн Иргэний нийгмийн байгууллагуудаа дэмжих замаар дээрх чиглэлийн хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэхээр тохиролцов.
2020-09-18 11:30:20