ХЭРЭГЛЭГЧ АЙМГААС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГТ ШИЛЖИХ ЗОРИЛТ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
411 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих томоохон зорилт дэвшүүлснээр үйлдвэрлэгч бүлгүүдийг байгуулж, сургалтуудад хамруулсны дараа тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай  зохион байгуулж байна. Зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалт хараад суух  бус дэлхийн зах зээлээс хөрөнгө босгож, ард иргэдээ ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Тухайлбал, Европын холбоо, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд ИНБ-уудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь”  төслийг 2018 оноос орон нутагтаа татаж чадсан юм. Завхан аймгийн 12 суманд хэрэгжиж  буй уг төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар арьс шир, нэхий, сүү цагаан идээ боловсруулах, газар тариалан, оёдол зэрэг 59 бүлэг байгуулж, 55 бүлгийг шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангаад байна. Энэ удаад 22 бүлэгт 102 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардууллаа.

Үйлдвэрлэгч бүлгүүдээ тоног төхөөрөмжөөр хангахаас гадна орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын зах зээлд борлуулах, сум бүртээ брэнд бүтээгдэхүүнтэй болох зорилгоор “Z-24” төслийг хэрэгжүүлж, энэ оны нэгдүгээр сараас “Монголын экспорт, импортыг дэмжих үндэсний төв”-тэй хамтран ажилласнаар эхний бүтээгдэхүүнүүд хэрэглэглэгчдийн гарт хүрч эхэллээ.

 

Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажилласны үр дүнд Завхан аймагт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 100 гаруй жижиг үйлдвэр байгуулагдаж, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн дөрөв дахин, боловсруулах салбарын үйлдвэрлэл гурав дахин өссөн байна. Шинээр 4000 орчим ажлын байр бий болж, ядуурлын түвшин 2016 оноос 45.8 хувиар буурчээ.

 

2020-08-15 16:38:59