Завхан аймгийн Засаг даргын санаачилгаар хүнийхээ хөгжилд чиглэсэн таван “Сайн” дэд хөтөлбөр боловсруулан амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Сайн багш” дэд хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн хүрээнд багшийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, мэргэжлийн нэр хүндийг өсгөх, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор шилдэг 100 багш шалгаруулах үйл ажиллагааг энэ жил хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Шилдэг багш нараа шалгаруулахдаа байгууллагын үндсэн багшаар гурваас доошгүй жил ажилласан байх, ёс зүйн зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл хүлээгээгүй байх, эцэг эх, суралцагчид, иргэд байгууллага хамт олны эерэг санал, талархлыг хүлээсэн нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаагаар нотлогдсон байх, төрийн албан хаагчийн есөн зарчмыг баримталдаг байх, ахиц дэвшил, үр бүтээлтэй ажилласан байх гэсэн таван үндсэн шалгуур үзүүлэлтээр тодруулжээ.
Завхан аймгийн шилдгийн шилдэг багшаар Улиастай сумын гуравдугаар сургуулийн багш Ц.Наранчимэг шалгарч 10 сая төгрөгийн шагнал хүртлээ. Тэрээр Монгол Улсын шилдэг багш шалгаруулах уралдаанд Завхан нутгаа төлөөлөн амжилттай оролцож, шилдгийн шилдэг дөрвөн багшийн нэгээр шалгарсан амжилтыг үзүүлсэн билээ. Мөн шилдэг есөн багшийг тус бүр нэг сая төгрөгөөр, шилдэг 90 багшийг тус бүр 300 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.