“ЭКО ЗАВХАН” АЯНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
614 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын санаачилгаар 2018 оноос эхлэн “Эко Завхан” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 2018, 2019 онуудад аймгийн хэмжээнд “Шилдэг эко сум”, “Шилдэг эко байгууллага”, “Шилдэг эко хэвлэл мэдээллийн байгууллага”-ыг шалгаруулж  байсан бол  2020 онд “Эх дэлхийдээ ээлтэй өрх”, “Эх дэлхийдээ ээлтэй хөршийн холбоо” номинацууд нэмэгдэж нийт дөрвөн төрлөөр шалгаруулж, хагас бүтэн жилээр дүгнэн ажиллаж байна. 2020 оны эхний хагас жилд тус аянд 11 сум,  23 байгууллага, 24 өрх, хоёр хөршийн холбоо идэвхтэй оролцсоноос “Шилдэг эко сум” номинацид Отгон сум тэргүүлж, дэд байрт Сонино сум, гуравдугаар байрт Цагаанхайрхан сум шалгарлаа. Шилдэг сумууд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах савыг байршуулж, хог хаягдлыг ангилан ялгаж хэвшсэнээрээ онцлог байв. “Шилдэг эко байгууллага”-аар Баруун бүсийн тамирчдыг олипд бэлтгэх төв ОНӨТҮГ шалгарсан бол Улиастай сумын гуравдугаар цэцэрлэг дэд байр, Онцгой байдлын газар  гуравдугаар байр эзлэв. Шилдэг байгууллагууд мөн дотор, гадна талдаа хог хаягдлын ангилан ялгалтын савыг байршуулж, хог хаягдлыг ангилан ялгах сургалтыг байгууллагын ажилчдадаа зохион байгуулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх тал дээр томоохон бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

 

 “Эх дэлхийдээ ээлтэй өрх”-өөр Баянтэс сумын Зайгаль багийн иргэн Н.Батхуяг, Идэр сумын Цэцэрлэг багийн иргэн Б.Норовсүрэн, Отгон сумын Хужирт багийн иргэн А.Ганчулуун, Санмаргаз сумын Холбоо багийн иргэн Н.Юндэндорж, Баян-Улаан багийн иргэн Т.Хатанбаатар, Холбоо багийн иргэн Б.Намсаманд, Цагаанхайрхан сумын иргэн Б.Бямбасүрэн, Сонгино сумын Бор өндөр багийн иргэн У.Дашдаваа, Түдэвтэй сумын Цорго багийн иргэн В.Дорж, Тэлмэн сумын Өвөгдий багийн  иргэн Н.Ишжамц, Улиастай сумын Богдын гол багийн иргэн Г.Пүрэвдорж, Жаргалант багийн иргэн Б.Шаандар, Б.Ганбаатар, Өлзийт багийн иргэн Ж.Арцзэд, Л. Пүрэвжав, Б.Дашдаваа, Товцог багийн иргэн Х.Баатар, Жинст багийн иргэн Р. Дагваренчин, Ц.Бидэръяа, Чигэстэй багийн иргэн Далайхүү нарын гэр бүл тус тус шалгарав.

Дээрх айл өрхүүд амьдрах орчноо сайжруулан хашаандаа төрөл бүрийн мод, цэцэг, зүлэг, мандлын цэцэг тарьж, хайсжуулан хамгаалсан, хашааны дотор болон гадна явган хүний зам тавьж, хүүхэд тоглох талбай, сагсны шийд, сүүдрэвч гэх мэт олон бүтээлч ажил хийж гүйцэтгэсэн төдийгүй стандартын шаардлага хангасан хог хаягдлын сав болон эко нойл хийжээ.

 

“Эх дэлхийдээ ээлтэй хөршийн холбоо”-оор Улиастай сумын Богдын гол багийн тавдугаар байрны хоёрдугаар орцны “Сайн хөршүүд” тэргүүн байр,нэгдүгээр орцны  “Жаргалтай хөршүүд” хоёрдугаар байр эзэллээ. Тэд байр, орцоороо нэгдэн мөнгөн хуримтлал үүсгэж, өөрсдийн идэвх санаачилгаараа амьдрах орчноо тохижуулж, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч барьж, байрныхаа дотор болон гадны орчинд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах хог хаягдлын савыг байршуулсан байна.                         

 

 

2020-07-24 09:03:49