Сайн байна уу та. Сайхан намаржиж байна уу. Сумын наадмын сонин сайхнаар хоёулаа ярилцлагаа эхэлье?
Сайхан намаржиж байнаа. Сумын баяр наадам сайхан болж өнгөрлөө. Манай сумын баяр наадмыг зохион байгуулалт сайтай, сайхан наадам болдог гэж зэргэлдээх сумдаас жил бүр наадамчид ирж манай наадамд оролцдог. Энэ утгаараа манай сумын наадам Эрдэнэдүүрэгч вангийн хошууны хэмжээний наадам болдог гэж хэлж болно. Энэ жил мөн ялгаагүй Баянхайрхан, Баянтэс, Тэс, Тосонцэнгэл, Шилүүстэй, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг,Тариалан зэрэг сумдаас бөхчүүд ирж барилдан баяр наадмыг чимлээ. Нийт 64 бөх үзэгч олныг өндөлзүүлсэн сайхан барилдаан үзүүлж Асгат сумын харьяат сумын начин Б.Лхагварагчаа зургаа даван түрүүлж “Сумын заан”, Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат залуу бөх Намнанбаяр тав даван үзүүрлэж “Сумын начин” цол хүртлээ. Хурдан морин уралдааны будлиангүй сайхан болсон. Мөн л газар газрын хурдан буянууд ирж уралдсанаас Асгат сумын уяач Д.Алтангэрэлийн халиун морь түрүү магнай болж торгон жолоо өргүүллээ.
Сүүлийн жилүүдэд аймгийн Засаг дарга Д.Батсайханы санаачилга, дэмжлэгээр манай аймагт сурын спорт сайн хөгжиж харваачид олноор төрөн гарч байгаа. Сумын баяр бол яг үнэндээ эрийн хоёр наадам л болдог байлаа. Аймгийн даргын энэхүү сайхан санаачилгын дүнд суманд эрийн гурван наадам болдог болсон гэж хэлж болно. Энэ жилийн сурын харваанд олон залуу харваачид цэц мэргэнээ сорьсоноос Асгат сумын харваач Ц.Гансүх, Б.Удаанжаргал нар “Сумын мэргэн”, Б.Наранхүү, А.Эрдэнэчимэг нар “Сумын гарамгай харваач”, Э.Ариунболд “Сумын гоц харваач” цол хүртлээ.
Намрын сар гарчихлаа. Танай суманд зуншлага ямар байв?
Өнгөрсөн өвөл, хавар хатуу, хэцүү орсон ч энэ зун бороо хур элбэгтэй, зуншлага сайхан боллоо. Мал сайхан тэнхэж байна.
Ирэх өвлийг өнтөй давах эсэх нь зуншлагаас гадна малчид, сум орон нутгийн бэлтгэл ажлаас ихээхэн шалтгаална. Одоо намрын их ажилдаа орсон байх?
Мэдээж зун сайхан боллоо гээд тайвшрах эрх бидэнд байхгүй. Намар, өвөл болдгоороо болно. Наадмын дараа намар гэдэг. Энэ өвөл бас хатуу өвөл болно гэж яригдаж байгаа. Иймд бид хаа хаанаа налайж суух ёсгүй. “Өвлийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний тухай” аймгийн Засаг даргын дөрөвдүгээр албан даалгавар гарчихсан байгаа. Энэ албан даалгаврын хүрээнд хөдөөгийн болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллахаар төлөвлөгөө гаргасан. Тариа ногоогоо хураах, хадлан тэжээлээ бэлтгэх, хашаа хороогоо засч дулаалах, албан байгууллагууд засвар дулаалгаа хийх, айл өрхүүд өвөлжилтийн бэлтгэлээ хангах гээд их ажил эхэлж байна. Дээр нь энэ жил улсын нөөцөд өвс, тэжээл бэлтгэхгүй учир сум орон нутаг, малчид өвс, тэжээлээ сайтар бэлтгэж, нөөцөлж базаах учиртай.
Хэдийгээр танай сум хүн ам цөөтэй жижиг сум ч нэгдсэн халаалтад холбогдсон, цэвэр усны үйлдвэр байгуулагдсан, газар тариалангаа хөгжүүлж байгаа гээд нэг үеэ бодвол их өөрчлөгдөж байна. Энэ бүхний үр дүн мэдээж гарч байгаа болов уу?
Тийм ээ. Өнгөрсөн дөрвөн жилд манай суманд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр маш их ажил хийгдсэн. Тухайлбал улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нийтийн биеийн тамир спортын талбай”-г шинээр байгууллаа. УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавын дэмжлэгээр БНСУ-ын 100 сая вонны хөрөнгө оруулалтаар ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулж, иргэдийг цэвэршүүлсэн усаар хангаж байна. Албан байгууллагууд, зарим айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн халаалт, цэвэр усанд холбох ажлыг “Ган Доной” ХХК-иар гүйцэтгүүллээ. Ингэснээр дээрх айл өрх, албан байгууллагууд худгаас ус зөөх шаардлагагүй болж хананаасаа усаа авах боломжтой болсон. Цаашид сумынхаа “Манчуурт”, “Мараат”, “Сант”, “Баяндай” хорооллуудыг нэгдсэн халаалт, цэвэр усанд ээлж дараатайгаар холбохоор төлөвлөж байна. Энэ сард “Нарт” хорооллыг цэвэр устай холбохоор шийдвэрлэсэн. Ус цэвэршүүлэх үйлдвэрийнхээ гадна талаар барилга барьж, халаалтад холбон хайсжууллаа. Мөн Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийг камержуулах ажлыг хийлээ. Орон нутгийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ Соёлын төвтэй болж аймгийн Засаг даргын дэмжлэгээр Соёлын төв маань шинэ техник хэрэгслэлээр хангагдлаа. Сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн автомашины парк шинэчлэлтийг хийлээ. Сумын ЗДТГ-ын байрыг шинээр бариулахаар зураг төсөл, төсвийг хийлгэж бэлэн болголоо.Төрийн банк дангаараа үйл ажиллагаа явуулдаг байсан бол иргэдийн хүсэлтээр ХААН банкны салбартай боллоо. Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалттай болголоо. Ингэснээр хүүхдүүд арван нэг, арван хоёрдугаар ангиа сумандаа төгсөх боломжтой болсон. Шинээр нэг баг нэмж байгууллаа. Энэ мэтчилэн өнгөрсөн дөрвөн жилд УИХ, аймаг, орон нутгийн удирдлагуудын дэмжлэгээр хийж хэрэгжүүлсэн ажлууд чамгүй байна. Энэ онд манай суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн дотуур байр барихаар төлөвлөгдсөн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ч өнгөрсөн жил нэлээд ажлууд хийгдсэн. 1992 оноос хойш манай сумын газар тариалангийн үйлдвэрлэл бүрэн зогссон байсан. 2010 онд газар тариалангаа сэргээж ”Баяндарь” ХХК-ийн салбарыг сумандаа байгуулж, анх 700 орчим га талбайд улаан буудай, хөх тариа тариалж эхэлсэн. Одоо энэ компани арваад жил тасралтгүй ажиллаж байна. Энэ жил 1000 орчим га талбайд улаан буудай, овьёос, хөх тариа тарьсан. Мөн бид аймгийн Бэлчээр ашиглалтын холбоотой хамтран малчдын оролцоотойгоор 21 га талбайд ногоон тэжээл тариулсан. Намар малчид өөрсдөө хурааж авах юм. “Аг цонж”, “МЦААН” ХХК-иуд 270 орчим га талбайд үр тариа тарьж, нийтдээ сумын хэмжээнд энэ жил 1300 орчим га талбайд үр тариа, ногоон тэжээл тариалсан. Өнгөрсөн жил “Аг цонж” ХХК-ийн хөрөнгөөр сумандаа хоногт 3-5 тонн багсармал тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай тэжээлийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Энэ жил үүнийгээ ашиглан мөн тэжээл үйлдвэрлэх зорилготой байгаа. Ингэснээр манай малчид сумандаа өвс, тэжээлээр бүрэн хангагдах боломжтой болно. Газар тариалангаа сэргээсэнээр мал зуданд ажрахгүй онд ороход ихээхэн нөлөө үзүүлж байгаа гэж бодож байна. Сүүлийн үед байгалиас хадлан тэжээл авахад хэцүү болсон, хадлан авах хэмжээний өвс ургахаа байсан. Тэгэхээр энэ газар тариалан маш чухал хэрэгцээтэй. Зэргэлдээх сумууд манайхаас бас өвс тэжээл их авдаг.
Өнгөрсөн жил танай сумын орон нутгийн хөгжлийн санд 35 сая төгрөг хуваарилагдсан. Энэ жил хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтаар ямар ажлууд хийж байна вэ?
Өнгөрсөн жил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдээс гарсан саналын дагуу сумын эрүүл мэндийн төвд 14.5 сая төгрөгөөр цус, шээсний шинжилгээний аппараттай болж, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд малчны зургаан настай хүүхдүүдийн “Гэр өргөө”-г гурван сая төгрөгөөр тохижуулж, хүүхдийн цэцэрлэгт хоёр сая төгрөгийн үнэ бүхий тоглоомоор хангаж, шинээр баригдсан соёлын төвд таван сая төгрөгөөр гаднах хайс, тохижилтын ажлыг хийж, 2.5 сая төгрөгөөр мал эмнэлэгт тоног төхөөрөмж авч өгсөн байгаа. Энэ онд 54 сая төгрөг хуваарилагдсанаас 18.6 сая төгрөг нь орж ирсэн. Үүнээс сумын төвийг камержуулах ажлыг 4.4 сая төгрөгөөр хийж, 9.2 сая төгрөгөөр шинээр халуун усны газартай болохоор ажил нь эхлээд байна. Үүнээс гадна орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ жил сумын төвийн гэрэлтүүлгийг шинэчилэх, хуучин соёлын төвөө засварлаж “Ахмадын өргөө” болгох, албан байгуулагууд, гудамжийг гэрэлтдэг хаягтай болгох, нэгдсэн халаалтаа үргэлжлүүлэн хийх гээд олон ажлууд хийхээр сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаараа батлуулсан байгаа.
Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, үр дүнтэй болгох тал дээр нэлээд анхаарал хандуулж буй Засаг дарга нарын нэг бол та. Энэ жил хэдэн төгрөгийн зээл олгов. Сумын хэмжээнд хэчнээн хүнийг ажлын байраар хангав?
Иргэдийн ирүүлсэн төслийг сонгон шалгаруулах журмаар өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, суманд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор сум хөгжүүлэх сангийн зээлийг олгодог. Гэтэл иргэд авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулахгүй банкны өрөнд өгөх, хүүхдийн сургалтын төлбөр төлөх, эсвэл машин тэрэг аваад уначих гэх мэтээр өөр зүйлд зарцуулаад байгаа зүйл ажиглагдаад байдаг. Үүнийг таслан зогсоох үүднээс зээл авсан иргэдтэй хийдэг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулаагүй бол хугацаа харгалзахгүйгээр буцааж төлүүлэхээр гэрээнд нь тусгасан. Мөн зээл авсан иргэд заавал нэг бүтээгдэхүүн бий болгосон байх шаардлагыг гэрээнд оруулж өгсөн. Энэ мэтчилэн авсан зээлийг нь үр дүнтэй болгох талаар анхаарал хандуулан ажиллаж байгаа. Энэ жил сум хөгжүүлэх санд 55 сая төгрөг эргэн төлөгдсөн. Үүнийг төсөл ирүүлсэн иргэдэд сонгон шалгаруулж олголоо. Мөн өнгөрсөн хавар 10 иргэнд сумын төвийн урд худгийн дэргэд нэг га орчим газар олгож төмс, хүнсний ногоо тариулсан. Ногооны үрийг нь үнэ төлбөргүй олгосон. Тарьсан иргэд маань өөрсдийнхөө хэрэгцээг хангаад илүүг нь зарж борлуулж ашгаа авах юм. Ийм маягаар өрхийн амьжиргааг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлийн цөөнгүй ажил хийж байна.
Өнгөрсөн жил “Бэлчээр ашиглалтын журам” боловсруулж, малчдаараа хэлэлцүүлж батлуулсан сумын нэг нь Асгат. Журамтай болсноор ямар давуу талууд бий болж байна вэ?
Манай сум анх газар тариалангийн чиглэлээр байгуулагдсан сум. 65.4 мянган га газар нутагтай. Өнөөдөр 52 мянган толгой мал бэлчээрлэж байна. Зэргэлдээх сумуудтайгаа бэлчээр нутгийн маргаан нэлээд гардаг. Дотроо ч бас бэлчээрийн маргаан нэлээд байдаг. Энэ бүгдээс болоод бэлчээр ашиглалтын журам гаргахаас аргагүй болсон. Журамтай болсноор бэлчээрийн маргаан харьцангуй багассан, зун, намрын улиралд зургаадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл өвөлжөө, намаржааны газраар буухгүй, бэлчээрийг хуваарьтайгаар эзэмших гэх мэт хэд хэдэн давуу талууд ажиглагдаж байгаа боловч тойргийнхоо сумуудтай учраа ололцоход мөн л хүндрэлтэй байна. Тэгэхээр бэлчээрийн тухай бие даасан хууль гаргах л зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Аймгийн баяр наадмын үеэр “Эко Завхан” аяны шилдгүүд тодорлоо. Танай сумын тухайд эко сум болох зорилтыг хангах чиглэлээр энэ жил ямар шинэлэг ажлууд хийв?
Төсвийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хогоо ангилан ялгаж хэвшлээ. Мөн “Хоггүй сум болцгооё”, “Хогоо хогийн саванд хийнэ үү”, “Хогоо ангилж хэвшье” гэх мэт уриа самбаруудыг байгуулагуудын дэргэд хийж байршууллаа. Хогийн цэгийг түрж, хогийг нь цэвэрлэх, хог ачиж буулгах зам гаргах, ойр орчны хогийг шууж багасгах ажлыг энэ жил албан байгууллагуудын хүчийг ашиглан маш сайн хийсэн. Ахуйн хог хаягдлаа ангилж ялгахаас гадна хог хаягдлаа цуглуулах, тээвэрлэх машинтай болж хот тохижилт шиг хогоо цуглуулаад тээвэрлэдэг, хогийнхоо цэгийг түрээд янзалчихдаг, харуул хамгаалалттай болгох гэх мэт ажлуудыг хийдэг аж ахуйн нэгжийг байгуулж ажиллахаар төлөвлөөд байгаа. 2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хог ачдаг, түрдэг ковш трактортай болсон. Мөн сумын хэмжээнд айл өрх, албан байгууллагууд энэ жил нийт 500 ширхэг мод тарьж, услах асуудлыг худгаас холбож бүрэн шийдэж өгсөн.
Цаашид хүн амаа нэмэгдүүлэх, сумынхаа хөгжлийг шинэ шатанд гаргах тал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ?
Шинээр ажлын байр нэмэгдүүлэх, иргэдээ ажилтай орлоготой болгох, иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг л аль болох сайжруулах бодлого барьж ажиллаж байгаа даа. Ер нь бол иргэн нь тав тухтай тохилог орчин нөхцөлд ажиллаж, амьдарч, ажилтай, орлоготой байвал тухайн газар нутагт хүн ам нэмэгдэж суурьших нь мэдээж. Сумын хөгжлийн төлөвлөгөөг маш сайн хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ тал дээр бодож төлөвлөсөн ажлууд байгаа. Цаашид сумаа “Шинэ сум” төсөлд хамруулах, босоо тэнхлэгийн авто замыг сумаараа дайруулах гээд бодож төлөвлөсөн ажлууд цөөнгүй байна. Айл өрхүүдээ нэгдсэн халаалт, цэвэр устай холбож, хотын байранд амьдарч буй айлуудаас дутахааргүй болгохыг зорьж, ажлаа эхлүүлээд байна. Иргэдийнхээ оролцоотойгоор халаалттай, дотроо нойлтой, хананаасаа цэвэр усаа авчихдаг жишиг хороололыг барьж бий болгоно. Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийг дотор нойлтой болгох ажлыг мөн хөөцөлдөж байна.