САНТМАРГАЗ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.ӨНӨРЖАРГАЛ: ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД МАНАЙ СУМАНД ОЛОН САЙХАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ӨРНӨЛӨӨ
448 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сантмаргаз суманд 2019 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлаар хоёулаа ярилцлагаа эхэлье?

 

Сайхан намаржиж байна уу. Энэ гэгээн сайхан өдрийн мэндийг Сантмаргазчуудынхаа нэрийн өмнөөс хүргэж байна. Манай сумд улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар олон сайхан бүтээн байгуулалтын ажлууд хийгдлээ.

 

Тухайлбал : Улсын төсвийн 3.7 тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ерөнхий боловсролын сургуулийн  хичээлийн гурван давхар байр, спорт заалны барилгын ажлыг “РСТ” ХХК гүйцэтгэж ашиглалтад орууллаа.  Төрийн болон төрийн бус байгууллагууд, айл өрхүүд төвлөрсөн халаалтад холбогдож сумдаа тохилог амьдрах нөхцөл бүрдлээ. Энэ ажлыг аймгийн “Оч дөл” ХХК өөрийн хөрөнгөөр гүйцэтгэлээ. Энэ онд өргөжүүлнэ. Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хогийн цэгийг шууж,  1 0сая төгрөгөөр торлох ажил хийлээ. Хүүхдийн цэцэрлэгт орон нутгийн хөгжлийн сангийн долоон сая төгрөгөөр хүнсний склад, хоёр сая төгрөгөөр камержуулалт хийлээ. 15.8 сая төгрөгөөр сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалт хийснээр гэмт хэрэг зөрчил, хулгай эрс багассан сайн үзүүлэлттэй байна. Багуудад бэлчээрийн худгууд засварлалаа. Сумын төвийн гэр хорооллын нэг, хоёрдугаар гудамжинд явган хүний гарц, гудамж гаргаж, гэрэлтүүлэг хийлээ. Сумандаа нядалгааны цэгийг өөрсдийн нөөц бололцоогоор хийж гүйцэтгэлээ. Ерөнхий боловсролын сургуулийн малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”-г хоёр сая төгрөгөөр тохижууллаа.

Энэ онд бүтээн байгуулалтын ямар ажлууд өрнөж байна вэ?

 

Энэ онд манай суманд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нийтийн биеийн тамир спортын талбай” баригдсанаар хүүхэд, залуучууд, хөгшид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сайхан орчин бүрдлээ. Сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байрны анги танхим, дотор, гадна талбайн тохижилтын ажил хийлээ. Автомашины парк шинэчлэл хийгдлээ. Сумандаа улсын мал эмнлгийн тасагтай болсонтой холбогдуулан орон нутгийн хөгжлийн сангийн 19.5 сая төгрөгийн санхүүжилт НАМЭМТөслөөс мөн 19.5 сая төгрөгийн дэмжлэгээр шинэ ажлын байр барьж байна.

 

Ингэснээр малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоог өргөжүүлэн хэрэгжүүлэх, мал эмнэлгийн нэгжүүдийг нэг дор байрлуулах, мал эмнэлгийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх, жишиг мал эмнэлгийг байгуулах юм.  Энэ жил мөн улсын төсвийн 220 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн их засварын ажлыг “Зэмбэт дөрвөлжин” ХХК гүйцэтгэж байна. Халуун усны барилга энэ жил ашиглалтад орно. Сургуулийн дотуур байрны хоолны заалны их засварыг хийж байна.

 

Өнгөрсөн онд танай сумын орон нутгийн хөгжлийн санд 2016 онтой харьцуулахад тав дахин их хөрөнгө буюу 77.8 сая төгрөг хуваарилсан. Тэгвэл энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөө ямар ажлуудад зарцуулж байна вэ?

 

Энэ онд хөдөө багуудын хөгжилд 30 сая төгрөг, говийн багийн худагт 10 сая төгрөг, хогийн машин авахад 15 сая төгрөг, хүүхэд хамгааллын санд 635 мянган төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Сумын төвийн гүний худгийг цахим болгож дотор, гадна, тохижилтыг 10 сая төгрөгөөр хийлээ.

 

Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, зорилтот бүлэгтээ өгөх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?

 

Урьд онуудын зээлүүдийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдлийг барагдуулах, чанаргүй зээлийн хэмжээг бууруулахад анхаарч мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтад хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

 

Завхан аймагт хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавьж багагүй хугацаа өнгөрсөн байна.Энэ зорилт танай суманд хэр үр дүнтэй хэрэгжив. Хичнээн ажлын байр бий болгов?

 

Хэрэглэгч аймгаас-Үйлдвэрлэгч аймаг зорилтын хүрээнд 14.6 сая төгрөгийн мод, модон эдлэлийн жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг олгож Ц.Алтанбаатар, Ц.Батбаяр нарыг ажлын байраар хангалаа. Ц.Алтанбаатар сургалтад хамрагдаж сумдаа үр дүнтэй ажлуудыг хийж байна.

 

Сумын ард иргэдээ эрүүл, аюулгүй, эко орчинд амьдрах нөхцөл бололцоогоор хангах үүднээс санаачилж, хэрэгжүүлсэн шинэлэг ажлууд юу байна вэ?

 

“Эко Завхан” “Бүтээн байгуулалт 14 аян”-ны хүрээнд албан байгууллагууд ногоон байгууламжаа нэмэгдүүлж 250 ширхэг мод тарьлаа. “Эх дэлхийдээ ээлтэй өрх”, “Эх дэлхийдээ ээлтэй хөршийн холбоо”, “Шилдэг эко байгууллага” аяны хүрээд аймгийн “Завхан ногоон гарц” ТББ-тай хамтран ажиллаж албан байгууллага бүр хог ангилах сав, стандартын нүхэн жорлонтой болох, ногоон байгууламжаа нэмэгдүүлж мод, зүлэг тарих ажлуудыг өрнүүлж ажилласан. “Эх дэлхийдээ ээлтэй өрх” шалгаруулах уралдаанд тэргүүн байрыг Н.Юндэндорж, дэд байрыг Т.Хатанбаатар, гуравдугаар байрыг Ө.Бат-Амгалан нар эзэллээ. Энэ ажлын хүрээнд айл өрхүүд хашааны өнгө үзэмжээ сайжруулах,  эко орчин бүрдүүлэх, мод тарих, зам тавих, нарлах талбай хийх гэх мэт ажлуудыг санаачилан хийж байна.

 

Төвлөрсөн халаалтад холбогдсонтой учраас залуу гэр бүлүүд хувийн сууцаа дулааны шийдэлтэй барьж, тохьтой амьдрах нөхцөл бүрдэж байна.

 

 Сумын удирдлагууд иргэдтэйгээ хэр ойр ажиллаж байна. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

 

 Завхан аймаг иргэн төвтэй төр бүхий аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Тиймээс ард иргэдээ сонсдог, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан шийдвэрээ гаргадаг болсон. Нэг төрийн албан хаагч дөрвөн өрх хариуцаж төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг хүргэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төр иргэний харилцаа эрс сайжирсан.

 

Сантмаргаз сумын ойрын жилүүдийн хөгжлийг тодохойлбол?

 

Ойрын жилүүдэд сумын хөгжлийн хэтийн төлөвлөгөөтэй болох “Шинэ сум” хөтөлбөрт хамрагдах, сумаа хатуу хучилттай замтай холбох, Засаг даргын Тамгын газрын барилгыг шинээр бариулах, орчин үеийн тохилог орон сууцнууд барих гэх мэт олон ажлуудыг төлөвлөж байна. Мөн 2021 онд сургуулийн ой, 2024 онд сум байгуулагдсаны 100 жилийн ой болох тул сумын хөгжилд томоохон бүтээн байгуулалтууд хийгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Намайг сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд хамтран ажилласан, дэмжиж туслаж байсан бүх төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд, албан хаагчдад талархал илэрхийлье.

 

2020-08-25 09:13:02