Өнгөрсөн жилүүдэд сум бүрт л бүтээн байгуулалтын ажлууд нэлээд өрнөлөө. Таныг сумын Засаг даргаар ажилласан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Шилүүстэй сумын өнгө төрх хэрхэн өөрчлөгдөв. Ард иргэдийн амьдрал ахуй хэр дээшлэв?
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай сумын өнгө төрх нэлээд өөрчлөгдсөн гэж бодож байна. Сумын төвийн гудамны 51 хашааны дааманг шинэчиллээ. Айл өрхүүдийн хашааг шинэчлээд ирэхээр өөрсдийнхөө орчныг тохижуулах сэтгэлгээтэй болдог юм байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шинээр 15 гэрэлтүүлэг, хандиваар 14 гэрэлтүүлэг тавьж, хуучин гэрэлтүүлгийн хүчин чадлыг нэмэгдүүллээ. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажилласнаар хоёр жил дараалан “ Аймгийн шилдэг эко сум”-аар шалгарлаа. Энэ хугацаанд дөрвөн мянга гаруй мод, олон цэцгийн мандлуудыг тарьж ургалт 87 хувьтай байна. “Сумандаа мод тарьцгаая” уриалга гаргаж, Улаанбаатар хотын Нутгийн зөвлөлийн даргаар ахлуулсан мэргэжлийн зөвлөх багийг байгуулан хамтран ажилласнаар цэцэрлэгт хүрээлэндээ хоёр мянга орчим мод, гудамжиндаа найман цэцгийн мандал ,120 мод тарьж усалгааны асуудлыг бүрэн шийдлээ. Сургуулийн 80 жилийн ойг угтан модны төгөл бий болгосон. Байгууллагуудын үйлчилгээний ажилчдын дунд “Бүтээлч аян”-ыг жил бүр зарласнаар хаягдал материал ашиглан тохижилтын ажлууд олноор хийлээ. Орон нутгийн хөгжлийн сангийн 6.1 сая төгрөг, хандивын таван сая төгрөг, нийт 11.1 сая төгрөгөөр Спортын талбай байгууллаа. Ингэснээр хүүхдүүд цахим орчноос холдож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүллээ. Мөн хогийн цэгийг дарж булах, сумыг иж бүрэн камержуулах, цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах , сургуулийн сурагчдын био нойл , шинэ цэцэрлэг олон ажлыг хийлээ. Байгууллагуудын дарга нар ч харах зүг нэг байж сумандаа олон өөрчлөлтүүдийг хийж чадлаа. Сургуулийн 80 жилийн ойгоор анги танхимуудаа засварлаж, багш сурагчдын ажиллах суралцах орчинг сайжруулж, тоног төхөөрөмжүүдээр хангагдлаа. Иж бүрэн цахилгаан хөгжим, дотуур байрны сурагчдад угаалгын төхөөрөмжүүд, сургуулийн анги танхимыг камержуулах гээд олон арга хэмжээг авч ажилласан. Хүүхдийн цэцэрлэгт гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж, хүүхдийн ширээ, сандал, шкаф , хүн эмнэлэгт хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмж, ор тумбочка, компьютер, сэргээн засах физик эмчилгээний төхөөрөмж , соёлын төвд иж бүрэн цахилгаан хөгжим, 10 ширхэг морин хуур, барилгын дээвэр шинэчлэх гэх мэт олон ажлыг хийснээр ард иргэдийн ажиллах амьдрах орчинд ахиц дэвшил гарсан гэж бодож байна. Өнгөрсөн дөрвөн жилд их ажлын ард гарч бүтээн байгуулалт, хөгжлийг бий болгоход хамтарч дэмжиж ажилласан бүх хүмүүст танай сониноор дамжуулан чин сэтгэлийн талархал илэрхийлье. 2024 онд болох сумын 100 жилийн ойн их бүтээн байгуулалтад шавь маань 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх “Санамж бичиг”-ийг саяхан байгууллаа.
Сумандаа сайхан амьдарч чадах эсэх нь сум орон нутгийн удирдлагын зөв менежментээс гадна ард иргэдийн идэвх санаачилгаас ч бас тодорхой хэмжээгээр шалтгаалдаг. Ард иргэдийнхээ санал хүсэлтийг хэр сонсож, хамтарч ажиллаж чадсан гэж бодож байна вэ. Тухайлбал ямар үр дүн гарав?
Жил бүр орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулга, “Ард иргэдээ сонсох аян”, сумын Засаг дарга хийсэн ажлынхаа тайланг хэлэлцэх үеэр авч буй саналуудад тусгагдсан ажлуудыг нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулан хэрэгжүүлж ажиллалаа . Иргэдээс ирсэн саналуудад нэлээд дээгүүр эрэмбэлэгддэг нэг санал бол өвөлжөөний хашаагаа засч сайжруулахад дэмжлэг үзүүлэх ажил байлаа. Энэ ажлыг 2017 онд татвараас давсан орлогоор 46 малчин өрх, 2018 онд 30 малчин өрх, 2019 онд 40 малчин өрхий өвөлжөөний хашаа саравчийг засч сайжрууллаа. Хуц ухнын чанарыг сайжруулах хүсэлтийн дагуу Дөрвөлжин сумаас ухна ишиг нийлүүлэх арга хэмжээ авч ажилласан. Гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай барих , малжуулах гэсэн саналуудыг ажил хэрэг болгон ажилласан нь үр дүнтэй байна. Ард иргэдийн амьдрал эрс дээшилсэн. Сүүлийн дөрвөн жилд зун,өвөлдөө боломжийн сайхан байснаас малчдын мал сүргийн тоо өсч одоо 200 гаруй мянган толгой малтай боллоо. Энэ нь малчдын мал маллах арга ажиллагаанаас шалтгаалсан, нөгөө талаар олон сайхан хутагтад даатгаж байсны буян заяа, хоёр хутагтын сайхан суваргыг шинэчилсэн олны сэтгэлийн өглөгийн буян байх гэж боддог доо.
Суманд бүтээн байгуулалтын ажил тасралтгүй өрнөж, амьдрах орчин сайжраад ирэхээр иргэдийн сэтгэл ханамж тэр хэмжээгээр дээшилдэг?
Манай суманд сүүлийн 30 жилд эмнэлгийн барилга л баригдсан байдаг. УИХ-ын гишүүнээр Содномцэрэн сонгогдож Ардчилсан нам засаг барьж байх үед хоёр давхар эмнэлэг ашиглалтад орсон юм. Тэгвэл энэ дөрвөн жилд 125 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орж, сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Манай цэцэрлэгийн барилга хотын хэмжээний тохижилттой сайхан барилга болсон. Иргэд ч их сэтгэл хангалуун байна. Сумын сургуульд био нойлын асуудал шийдэгдэж орчин сайжирсан. Төвдөө хоёр худаг гаргасан нь ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд их сайн үр нөлөөтэй байна.
Орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлэх явдал мэдээж чухал. Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавиад багагүй хугацааг үдлээ. Энэ зорилт танай суманд хэр хэрэгжиж, хэчнээн хүнийг ажлын байраар хангав?
Суманд шинэ бүтээн байгуулалтууд хийхэд олон хүнийг түр ажлын байраар хангасан. Олон нийтийн оролцоот арга хэмжээнд л гэхэд 35 түр ажлын байр бий болгож ажиллсан байна. Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилтын хүрээнд 10 хүнтэй оёдлын цех, ногооны нөхөрлөл, сүү цагаан идээ боловсруулах хоёр бүлэгт тоног төхөөрөмжүүд өгснөөр ажлын байр нэмэгдлээ. Мөн нэхий, арьс шир элдэх 7.2 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгосноор гурван хүнийг ажлын байраар хангаж, хаягдал нэхий үнэд орж байна. Мөн блок , барилгын материалын цехэд сум хөгжүүлэх сангаас дэмжлэг үзүүлснээр ажлын байр нэмэгдсэн.
Хөдөө орон нутагт сум хөгжүүлэх сан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгүүд нэлээн тус нэмэр болдог шүү дээ?
Тийм шүү. Гэвч зээл аваад төлөхгүй чирэгдэл учруулдаг асуудал их байна. Намайг анх ажил авахад сум хөгжүүлэх сан 2. 5 сая төгрөгтэй, зээлийн хугацаа хэтрэлт нийт зээлийн 80 орчим хувьтай байсан. Олон удаа мэдэгдэх хуудас өгч, заримыг нь шүүхэд хандснаар тодорхой төлөлтүүд хийгдсэн. Зээлийн сангийн журамд төсөл сонгон шалгаруулах зөвлөл өөрчлөлт хийсэн. Суманд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн болон бүлгүүдэд зээл олгохыг зорьж байна. Барилгын материалын төсөлд хоёр дахь удаагаа зээл олгосон ч хөрөнгө нь хангалттай байж чадахгүй л байна. Зээлийн эргэн төлөлт сайн байвал юм хийх сэтгэлтэй хүмүүсийн төслийг ханатал нь дэмжмээр байх юм.
Зуншлага ямар байв. Наадмын дараа намар гээд л өвлийн бэлтгэлдээ гарч байгаа болов уу. Малчдынхаа өвөлжөө бууцыг засварлах тал дээр нэлээн сайн анхаарч ажиллаж байсан. Энэ ажил ямар шатандаа байна. Мал аж ахуйн салбарынхаа ололт амжилтаасаа хуваалцаач?
Зуншлага эхэндээ сайнгүй хүйтэн, хур багатай байлаа. Харин наадмаас хойш хур сайтай оройтсон зун болж байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийг томилсон байгаа. Энэ жил хадлан авах газар бараг байхгүй байна. Энэ байдлыг харгалзан малчид мал сүргээ эргэлтэд оруулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм. Улаанбаатар хотынхонтой холбож “Өвлийн идэш” хөтөлбөр хэрэгжүүлж үзсэн, боломжийн санагдсан. Гол нь малчдын санаачилга байвал болно доо. Малчдын хувьд хаврын ноолуурын орлого нь намар болоход дуусч, өвөлжөө бууцаа засах боломж хомс байдаг. Малчдын өвөлжөө бууцыг засварлах ажлыг эхний жил татвараас давсан орлогоос, дараагийн хоёр жил хандивлагчийн дэмжлэгээр хөрөнгө санхүүжилтийг босгож нийт 160 өвөлжөөнөөс 120 гаруйг нь засварлалаа. Энэ ажлыг хийхдээ өвөлжөө бууцаа заавал ариутгасан байх , өөрөө тодорхой бэлтгэл хангасан байх зэрэг шаардлагуудыг тавьдаг. Малчдынхаа хөдөлмөрийг үнэлэх, тэдэнд урам зориг өгөх баг, байгууллагын шефийн холбоог бэхжүүлэх, малчдаа урамшуулах зорилгоор “Сайн малчдын зөвлөгөөн”-ийг жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ арга хэмжээнд манай төсөвт байгууллагууд ихээхэн ач холбогдол өгч оролцдог. Энэ дөрвөн жилд Монголын радио телевизийн “ Алтан тугал”-ын эзнээр Хөгжил багийн малчин П. Лхагваабаатар, “Алтан хурга”-ны эзнээр Баян –Улаан багийн аймгийн аварга малчин Б. Дондогсамба нар тодор аймгийн аварга хэмээх эрхэм хүндтэй шагналаар олон малчин шалгарлаа.
Завхан аймаг жилд гурван удаа “Ард иргэдээ сонсох аян”-ыг зохион байгуулдаг. Сумын удирдлагууд ч мөн иргэдээ сонсож ажиллаж байгаа болов уу. Малчдад тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?
Ард иргэдээ сонсох аяны хүрээнд малчдаас ирсэн саналын дагуу дээр хэлсэнчлэн өвөлжөө бууцыг нь засварлах ажлыг зохион байгууллаа. Хамгийн гол нь малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнийг өсгөх асуудлыг их хөндөж байна.
Завхан аймаг “Иргэн төвтэй төр бүхий аймаг” болох зорилт дэвшүүлж олон шинэлэг ажлыг санаачилан зохион байгуулж байгаа. Төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмтэй, түргэн шуурхай хүргэх тал дээр ямар ахиц дэвшил гарч байна вэ?
Төрийн албан хаагчдын есөн зарчмыг хэрэгжүүлэх тал дээр аймгийн Засаг даргын гаргасан олон санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төрийн албан хаагч бүр айл өрх хариуцаж, төрийн мэдээ мэдээллийг шуурхай дамжуулах гээд олон ахиц дэвшил гарсан. Гэвч хувь хүний аминчхан зан давамгайлж, нийтийн эрх ашгийг дээдлэх тал дээр сул байх шиг санагддаг. Тиймээс иргэдийн сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх шаардлагатай юм.
Энэ онд Шилүүстэй суманд бүтээн байгуулалтын ямар онцлох ажлууд өрнөж байна вэ?
Цэцэрлэгт хүрээлэнд гэрэлтүүлэг, явган хүний зам, цэцгийн мандал хийгдлээ. Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас сургуулийн түүхэн музей байгуулах ажлын эхлэл тавигдлаа. Сум дундын эмнэлэгт 50 сая төгрөгийн өртгөөр их засвар х хийж байна. Цэцэрлэг дотоод тохижилтоо хийлээ. Сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Өвөр голын гүүрийг шинэчлэн барилаа. Нэгдсэн халаалт тавиулахаар төлөвлөж зураг төсвийг нь гаргууллаа.
Одоо танай суманд нэн тэргүүнд хийх шаардлагатай ямар ажлууд байна вэ?
Ундны усыг цэвэршүүлэх, халуун ус саун, мах боловсруулах жижиг цех, ноосон эдлэл боловсруулах цех байгуулах шаардлагатай байгаа юм.