Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Ой тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” 204 дүгээр тогтоол, Батлан хамгаалах сайдын аймгийн Засаг даргатай 2020 онд хамтран ажиллах гэрээ, Батлан хамгаалахын сайдын 2020 оны А/186 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2020 оны А/333 дугаар захирамжаар Монгол Улс 1945 оны Чөлөөлөх дайнд ялж Зөвлөлт-Монголын арми Японы милитирзмыг буулган авснаар дэлхийн II дайн дууссаны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.
Манай улсын түүхэнд Чөлөөлөх дайн гэж нэрлэдэг энэ дайнд Монгол Ардын хувьсгалт цэрэг, ЗХУ-ын арми хамтран ялалт байгуулж 6 жил нэг өдөр үргэлжилсэн дайныг цэглэж, Монголын цэрэг дайчин эрс дэлхийд энх тайвныг бүтээлцсэн түүхтэй. Чөлөөлөх дайн Монгол Улсын оролцож ялалт байгуулсан явдал түүхэн хөгжлийн нугачаанд ихээхэн ач холбогдолтой үйл явдал болсон юм.
Иймд Чөлөөлөх дайны ялалтын ач холбогдол, ахмад дайчдын улс орныхоо төлөө байгуулсан түүхэн гавьяаг алдаршуулах, хүүхэд, залууст эх түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх талаар соёл хүмүүжил, ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулан ажиллав.
Ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын баатар, Армийн генерал Батын Дорж агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Ёслолд аймгийн ИТХ, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд оролцов.
Аймгийн хэмжээнд 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан Улиастай сумын харьяат Г.Гоодрог, Тосонцэнгэл сумын харьяат З.Магсарсүрэн, Отгон сумын харьяат Б.Дорж нарын 3 ахмад дайчин аж төрж байна. Эдгээр ахмад дайчдад аймгийн Засаг даргын 2020 оны А/333 дугаар захирамжаар нэг сая төгрөгийн тэтгэмж олгосныг батламжийн хамт гардуулан өглөө.
Мөн түүхт ой тохиолдуулж Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар ахмад дайчин Г.Гоодрог, Б.Дорж, З.Магсарсүрэн нарыг “Эх орны төлөө I” хүндэт тэмдгээр шагнаж, сайдын “Бахархал-Хүндэтгэл” олгосныг гардуулан өгөв. Энэ арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Цэргийн штабын дарга хурандаа Г.Үнэнбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.
ХОШУУЧ Г.БАВУУДОРЖ