Завхан аймаг “Сайн малчин” дэд хөтөлбөр боловсруулж дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд жил бүр малчдын зөвлөгөөнөө зохион байгуулж, малчид, мал аж ахуйн салбарт тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, харилцан туршлага солилцдог билээ. Энэ жилийн зөвлөгөөнийг Нэгдсэн Үндэстний байгууллагатай хамтран малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын үр ашгийг сайжруулах, малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэхэд чиглэсэн өргөн хүрээнд зохион байгуулснаараа онцлог байв. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа, Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава, Европын холбооноос монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын хамтын ажиллагаа хариуцсан Захирал Пьер Ив-Люка, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон ХХААХҮЯ-ны төлөөлөл, 300 гаруй малчин, ард иргэд оролцлоо.
Таван Эрдэнэ фестивалийн үеэр Завхан аймгийн байгаль цаг уурын онцлогт дасан зохицсон үржлийн шилмэл үүлдэр, омгийн малын үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Ингэснээр малын чанарыг сайжруулах, зах зээлийн үнэ, ашиг шимийг нь нэмэгдүүлж улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх, аливаа байгаль цаг уурын эрсдэл, гамшгийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх юм. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа Тэс, Отгон, Их-Уул сумын 15 малчин өрхөд үржлийн хуц, ухна хүлээлгэн өглөө.
НҮБ-ын төрөлжсөн 4 байгууллага анх удаа хамтан Завхан аймгийн малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, цочролд бэлэн байх чадавхыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байна
Завхан аймаг өнгөрсөн 4 жилийн хугацаанд Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт дэвшүүлэн ажилласны үр дүнд 100 гаруй жижиг үйлдвэр байгуулагдсан. Энэ үеэр 24 сумын үйлдвэрлэгчид бренд бүтээгдэхүүнээ танилцууллаа. Мөн Монгол Улсын хэмжээнд ноос, ноолуур, арьс шир үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Говь, Дархан нэхий, Монгол ноос, Эрдэнэт хивс, Монгол текстиль компаниуд оролцож өөрсдийн бүтээгдэхүүн болон түүхий эдийн чанар, шаардлага, стандартын талаар малчдад танилцууллаа. Ийнхүү дотоодын үйлдвэрлэгчид өөрсдийн түүхий эдийн чанарын шаардлагыг танилцуулснаар малчид зах зээлд нэг алхам ойртож байгаа юм.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж буй энэ цаг үед малчид малынхаа тоо биш чанарт анхаарах, цөөн тооны чанартай малыг эдийн засгийн эргэлтэд оруулан байгаль орчин, бэлчээрээ хамгаалж, цочролд бэлэн, дасан зохицох чадвараа нэмэгдүүлэх нь нэн чухал ач холбогдолтой юм.
НҮБ-ын төрөлжсөн дөрвөн байгууллага буюу Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүн амын сан, Хүүхдийн сан анх удаа хамтран “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, цочролд бэлэн байх чадавхыг нэмэгдүүлэх нь” төслийг 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Завхан аймагт хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж энэ оны 2-р сард нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан. НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд дангаараа үйл ажиллагаа явуулахаасаа илүү хамтарч тодорхой үр дүнд хүрэхийг зорьж байгаа юм. Тухайлбал, Хүүхдийн сан малчдын хүүхдүүдийг хэрхэн хамгаалах талаар, Хүн амын сан залуу малчдад бизнес эрхлэхэд нь туслах, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийг хэрхэн бий болгож орлогоо нэмэгдүүлэх, Олон улсын хөдөлмөрийн байгууллага малчид хөдөлмөрөөрөө хэрхэн хорших, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах зэргээр хамтран ажиллаж байна. Хүүхдийн сангаас л гэхэд өнгөрсөн оны 12-р сард Завхан аймгийн гамшгийн эрсдэл өндөртэй дөрвөн сумын 0-5 насны 2800 хүүхдэд тус бүр 40 мянган төгрөг, 2-р шатанд хөдөөгийн 23 сумын 7000 гаруй хүүхдэд тус бүр 60 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн юм.
Энэ удаад НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй төрөлжсөн дөрвөн байгууллагын төлөөлөл, ХНХ-ын сайд Завхан аймгийн малчин өрхийн амьдрал ахуй, нөхцөл байдалтай танилцаж, Тэс сумын Малчдын зөвлөгөөнд оролцлоо. Энэ үеэр малчид хэрхэн хорших, дундын эрсдлийн сан байгуулах талаар мэдээлэл сургалт зохион байгууллаа. Хамгийн гол нь малчид өөрөө өөрсдийнхөө амьдралыг сайжруулахад идэвх санаачилгатай байх нь чухал гэдгийг онцолж байлаа.
Завхан аймгийн хэмжээнд малчид дундын хоршоо байгуулж, үндэсний үйлдвэрлэлүүдтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, Тэс сумын хувьд хоршоо байгуулж, бэлчээрийн эрсдэлийн дундын санг бий болгсон, ноос ноолуурынхаа чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Малчдын зөвлөгөөний үеэр хоршоондоо ноосоо тушаасан малчдад ногдол ашгийг нь олгосон юм. Энэ жил л гэхэд үндэсний үйлдвэрлэгч Говь компанид 9.7 тн ноолуур тушаажээ. Ноолуурын чанар сайн байгаа учраас ирэх жил ч мөн хамтран ажиллахаар болсон байна.
НҮБ-ын төрөлжсөн 4 байгууллага анх удаа хамтран Завхан аймгийг сонгон хэрэгжүүлж буй малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, аливаа цочролд бэлэн байх чадавхыг нэмэгдүүлэх төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжинэ.Төслийн хүрээнд малчдын бизнес санал санаачилгыг өргөжүүлж, тэдний орлогыг нэмэгдүүлэх, хоршооны үйл ажиллагааг дэмжих замаар тэдний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлж, нийгмийн халамжийн тогтолцоог ашиглан малчин өрхийн байгалийн гамшиг, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлж, цочролын дараах нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулахыг зорьж байгаа юм. Завхан аймаг “Сайн малчин” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь төслийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэх бүрэн бололцоотой гэж үзэж байгаа юм. Үр дүнгээс хамаарч цаашид Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.