ЗАВХАН АЙМАГТ “ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН” БОЛЛОО
1216 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2020 оны “Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн”-ийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Волейболын спортын холбоо хамтран спортын мастер, Олон улсын дасгалжуулагч Алтангэрэлийн Ёндоншаравын нэрэмжит болгон аравдугаар сарын 21-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Улиастай хотноо 31 жилийн дараа болсон тус тэмцээнд 18 аймаг, УБ хотын дүүргүүдээс 65 багийн 800 гаруй тамирчин оролцов. Усан бассейн бүхий спорт цогцолбор, Биеийн тамир спортын газар, Дэвшил сургууль, Политехник коллежийн зааланд охидын 88 тоглолт, хөвгүүдийн 70 тоглолт, нийт 158 тоглолт явагдлаа. Эмэгтэй баг тамирчдаас Хилчин спорт хорооны “Хомын тал” баг тэргүүн байр, Баянзүрх дүүргийн “Уурхайчин 21” баг дэд  байр, Ховд аймгийн БТСГ-ын баг гуравдугаар байрт шалгарсан бол эрэгтэй баг тамирчдаас Сэлэнгэ аймгийн БТСГ-ын “Зүүн хараа” баг алтан медаль, УБ хотын “Залуу монгол” баг мөнгөн медаль, Завхан аймгийн “Титан тауверс” баг хүрэл медаль хүртлээ.

Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнээс 1990 онд Г.Ганцэцэг ахлагчтай, Д.Санжаасүрэн дасгалжуулагчтай  Завхан аймгийн эмэгтэй баг хүрэл медаль, 2008 онд М.Төгсжаргал ахлагчтай, Б.Түвшинбат дасгалжуулагчтай эмэгтэй баг тус бүр хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаад Завхан аймгийн эрэгтэй баг тамирчид анхны хүрэл медалиа хүртэж түүхэн амжилтын эзэн боллоо.

2020 оны “Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн”-ий шилдэг довтлогчоор Завхан аймгийн “Титан тауверс” багийн тамирчин Э.Дэлгэрбат, Баянзүрх дүүргийн “Уурхайчин 21” багийн тамирчин М.Энхжин, шилдэг холбогчоор Сэлэнгэ аймгийн БТСГ-ын “Зүүн хараа” багийн тамирчин Н.Уранбаяр, Баянзүрх дүүргийн “Уурхайчин 21” багийн тамирчин Э.Батцэцэг, шилдэг хамгаалагчаар Сэлэнгэ аймгийн БТСГ-ын “Зүүн хараа” багийн тамирчин Б.Санжмятав, Хилчин спорт хорооны “Хомын тал” багийн тамирчин З.Сувдансондор, шилдэг тэгш тоглогчоор “Залуу Монгол” багийн тамирчин Э.Гансүх, Хилчин спорт хорооны “Хомын тал” багийн тамирчин С.Нарангуа, өсөх ирээдүйтэй тоглогчоор Завхан аймгийн “Титан тауверс” багийн тамирчин Ц.Даваасамбуу, Хилчин спорт хорооны “Хомын тал” багийн тамирчин М.Анужин, шилдэг дасгалжуулагчаар Баянхонгор аймгийн дасгалжуулагч Б.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн БТСГ-ын “Зүүн хараа” багийн дасгалжуулагч Ж.Мөнхбаяр, шилдэг шүүгчээр Д.Батмагнай нар тус тус шалгарлаа.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

2020-10-28 10:10:41