ЗАВХАН АЙМГИЙН 6 СУМЫН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ХУВЬ ХҮНИЙ УР ЧАДВАР, ЭНТРЕПРЕНЕРШИП БОЛОВСРОЛ ОЛГОНО
401 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Хүүхдийг ивээх сангаас “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийг 2023 он хүртэл 5 аймгийн 25 суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Хөдөлмөрийн зах зээлийн боломж хязгаарлагдмал, албан бус хөдөлмөрийн салбараас үүдэлтэйгээр өсвөр үе, залуучуудын дунд бий болсон идэвхгүй байдлыг арилгахад хамгийн их хэрэгцээтэй хувь хүний ур чадвар болон энтрепренершип боловсролыг олгох юм. Энэхүү төсөлд Завхан аймгийн Баянтэс, Их-Уул, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Тэлмэн сумууд хамрагдах бөгөөд хүүхэд, залууст хувь хүний суурь ур чадварууд, энтрепренершип боловсрол эзэмшүүлэх замаар тэдний сурлагын амжилтыг сайжруулж, ирээдүйн хөдөлмөр эрхлэлтэд нь бэлтгэх зорилготой.

 

Дээрх төслийг хэрэгжүүлэх аймгийн болон сумдын зөвлөл, хамтрагч талуудыг чадавхжуулыг семинарыг 2020 оны аравдугаар сарын 30-ны өдөр Улиастай хотод зохион байгуулж 30 гаруй хүн оролцлоо.

Энэ үеэр “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” сургалтын хөтөлбөрийн хэрэглэгдэхүүн, арга зүй, зохион байгуулалт, багш/зөвлөх, сурагчийг сонгон шалгаруулах үзүүлэлтүүд”, “Төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөө”,  “Төслийн санал гомдлын механизм, түүнийг хэрэгжүүлэх аргачлал, зөвлөмж”, “Хүүхдийг ивээх сангийн хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах бодлого” зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч суурь судалгааны зорилго, арга зүй, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил, зохион байгуулалт, тэдгээртэй холбоотой асуулт,  хариулт, хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа.

Семинарыг зохион байгуулснаар төслийн хамтрагч талууд энтрепренершип боловсрол, хувь хүний ур чадварын талаар ойлголттой болж, “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” сургалтын хөтөлбөрийн үндэслэл, агуулга, хэрэглэгдэхүүн, хэрэгжилтийн стратегийн талаар мэдээлэл авч, сургалтын хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах боломж бүрдлээ. Мөн зорилтот сумдад суурь судалгааны бэлтгэл байдлыг хангаж, төслийн оролцогч талууд судалгааны зорилго, төлөвлөгөө, арга зүйн талаар нэгдсэн мэдээлэлтэй болсноор өөр өөрсдийн төлөвлөгөө, зохион байгуулалтыг эхлүүлэх юм. Оролцогчид хүүхдийг ивээх сангийн хүүхдийн аюулгүй байдлыг хангах бодлого болон төслийн санал, гомдлын механизмтай танилцаж, хэрэгжүүлэх чадавхтай боллоо.

 

Ийнхүү төслийн баг, төслийн аймгийн зөвлөл, сумдын зөвлөлийн хамтын ажиллагаа бэхэжсэнээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа юм.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2020-11-01 09:37:49