АЙМГИЙН ИТХ-ЫН НАЙМДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
401 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан 2020 оны аравдугаар сарын 27-ны өдөр боллоо. Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа нээж, хуралдаанаар хэлэлцэх асуудал, дотоод журмыг баталлаа. Аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

 

  1. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
  2. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц
  3. Аймгийн ИТХ-ын 2016-2020 онд баримтлах бодлогын хэрэгжилт
  4. Аймгийн 2020 оны төсөвт тодотгол хийх тухай
  5. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах тухай
  6. Завхан аймгийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилт
  7. Хурлын тэргүүлэгчдээс Хурлын бүрэн эрхийг хуралд дараа тайлагнахаар шйидвэрлэсэн асуудлуудыг танилцуулж шийдвэрлүүлэх тухай гэсэн үндсэн долоон асуудлыг хэлэлцэв.

 

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа нар танилцууллаа. Төлөөлөгчид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 96.9 хувь, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 он хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 97.8 хувийн биелэлттэй гэж үнэлэн “Үр дүнтэй хэрэгжсэн” гэж дүгнэлээ.

 

Аймгийн ИТХ-ын 2016-2020 онд баримтлах бодлогын хэрэгжилтийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны хэлтсийн дарга Д.Үнэнхүү танилцуулж, төлөөлөгчид биелэлтийг 92.9 хувийн хэрэгжилттэй “Үр дүнтэй” хэрэгжсэн гэж дүгнэв.

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 , 25 дугаар зүйлийн 25.1, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн ИТХ-аас Завхан аймгийн хөгжлийн цогц бодлогын зорилт, арга хэмжээг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлж ажилласан тул цогц бодлогыг хангалттай хэрэгжсэн гэж үзэв. Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт,түүний удирдлагын тухай хууль тогтоомжийн хүрээнд аймгийн хөгжлийн дунд хугацааны бодлого, төлөвлөлтийг боловсруулж батлуулан, хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга Д.Батсайханд даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд үүрэг болголоо.

 

2020-10-27 18:42:32