Завхан аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Хөгжимт жүжгийн театрт болж нийт 41 төлөөлөгчөөс танхимд болон цахимаар 38 төлөөлөгч оролцож 95 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих нээж хэлсэн үгэндээ: “Та бид Завхан нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хуулийг дээдлэн, аймаг орон нутгаа хөгжүүлэхэд холч хараатай, оновчтой стратеги бодлого гарган эв эеэ хичээн, гар сэтгэл нийлэн хамтран ажиллаж, иргэд сонгогчдынхоо санал хүсэлтийг биелүүлж, хичээл зүтгэл гаргах хариуцлагатай үүргийг хүлээсэн билээ...” хэмээн онцолж хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар:
Аймгийн ИТХ-ын цахим хуралдааны дэгийн төслийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албаны хэлтсийн дарга Д.Үнэнхүү танилцуулж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.
Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг хуулинд заасан шаардлага, зарчмын хүрээнд иргэн төвтэй, иргэдээсээ асуусан, орон зайн төлөвлөлт, компьютер загварчлал ашиглан төлөвлөснөөрөө онцлогтой.
Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал танилцууллаа. Тэрээр: “2020 оны 5-р сард МУ-ын Их хурлаас Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг баталсан билээ. Энэхүү шинэ хуулийн хүрээнд Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг боловсруулах ажлыг зохион байгууллаа. Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг боловсрууллаа. Энэхүү үндсэн чиглэлийг хуулинд заасан шаардлага, зарчмын хүрээнд иргэн төвтэй, иргэдээсээ асуусан, орон зайн төлөвлөлт, компьютер загварчлал ашиглан төлөвлөснөөрөө онцлогтой. Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг тооцоолол, суурь судалгаанд тулгуурлан боловсруулснаар аймаг, сумын Засаг даргын 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөө боловсруулах үндэслэл болж байгаа юм. Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн бодлогын баримт бичиг нь нийт 8 бүлэг, 78 зорилт, 247 арга хэмжээг тусгасан болно. Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, 2021 онд Завхан аймгийг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө, төсвийн төслийг хянан үзэж, шүүн хэлэлцэж баталж өгөхийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид та бүхнээс хүсье” гэлээ.
Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл боловсруулалт, хамтын ажиллагааны талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Батцэнгэл нэмэлт мэдээлэл өглөө.
Тэрээр хэлэхдээ: “Аймгийн хэмжээний хамгийн том бодлогын баримт бичиг болох энэхүү таван жилийн Үндсэн чиглэлийг боловсруулах ажлын хэсгийг 2020 оны 10-р сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, миний бие ахлан ажиллалаа. Энэхүү хөтөлбөрийг боловсруулахад Даян дэлхийн байгаль хамгаалах сан, НҮБ-ын “Ensure” төсөл, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран ажиллалаа. Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлээ бусад аймгуудаас онцлогтой боловсруулсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран орон нутгийнхаа онцлогийг тусгаснаараа давуу талтай. Энэхүү таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулахдаа 12 ажлын хэсэг 24 суманд ажиллаж, 31 байгууллага, 1500 гаруй иргэн оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Таван “Яагаад” аргын тусламжтайгаар тулгамдаж буй суурь асуудлуудыг тодорхойллоо. Манай аймгийн таван жилийн үндсэн чиглэл “Орон зайн төлөвлөлт”-ийг ашигласнаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл аль суманд ямар нөөц, боломжууд байгааг газрын зурагтай нь харьцуулж, хүн амын өсөлттэй нь уялдуулж төлөвлөдөг шинэлэг арга юм. Мөн ШУТИС-ийн Систем динамикийн загварчлалын тэнхимийн эрхлэгч, доктор н.Ууганбаяртай хамтран ажилласан. Хөдөө аж ахуйн чиглэлийн мах, сүү, дайвар бүтээгдэхүүнийг орон нутагтаа боловсруулснаар Завхан аймагт үйлдвэрлэл хэрхэн нэмэгдэж, ямар үйлдвэрүүдийг хаана байгуулах боломжтой зэргийг компьютер загварчлалын аргаар хийлгэлээ. Сонирхолтой үр дүн гарсан. Тухайлбал, мах, сүү, дайвар бүтээгдэхүүнүүдээ боловсруулснаар Завхан аймгийн ДНБ-ний үйлдвэрлэл маш богино хугацаанд одоо байгаа түвшингээс 2 дахин өсөх, ажлын байр 8 мянгаар нэмэгдэж, ядуурал эрс буурах тооцоолол гарч байна. Мөн сумдын хөрөнгө оруулалт, барилга байгууламжийг шинэчилэн эрэмбэллээ. Энэхүү таван жилийн үндсэн чиглэл нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөр, жил бүрийн ажлын төлөвлөгөөний суурь болох юм.” гэлээ.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих хэлэхдээ аймгийн удирдлагууд ажлаа хүлээж аваад удаагүй, төлөөлөгчид таван жилийн үндсэн чиглэлийг маш сайн уншиж судлах шаардлагатай гэдгийг онцоллоо. Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал: “Миний бие аймгийн Засаг даргаар томилогдохоосоо өмнө суурь боловсруулалтын ажилтай танилцсан. Зарчмын хувьд сайн хөтөлбөр болсон. Гэвч төлөөлөгчид сайн судлах шаардлагатай тул Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөртэй хамт нухацтай хэлэлцэж батлах нь зүйтэй” гэсэн санал оруулсныг төлөөлөгчид дэмжиж, хуулийн хугацаанд дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
Завхан аймгийн хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа 24 суманд хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн саналыг эрэмбэлэн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгажээ
Завхан аймгийн хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөг аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа танилцууллаа.
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасны дагуу Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн 2021 онд шийдвэрлэх зорилт арга хэмжээг тусгаж санхүүгийн бодитой эх үүсвэртэй, хэрэгжүүлэн хариуцах эзэнтэй, хэмжигдэхүйц шалгуур үзүүлэлттэй, хэрэгжихүйц арга хэмжээнүүдийг томьёолон оруулсныг онцоллоо.Түүнчлэн улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт аймаг орон нутгийн хөгжлийн талаар тусгасан зорилт, арга хэмжээг тусгаж, МУ-ын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт арга хэмжээтэй уялдуулан боловсруулжээ. 24 суманд ажлын хэсэг ажиллаж хэлэлцүүлэг зохион байгуулснаар иргэдээс ирүүлсэн саналыг эрэмбэлэн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасан байна. 2021 оны аймгийн хөгжлийн төлөвлөгөөнд нийт 30 барилга байгууламж ашиглалтад оруулахаар тусгаснаас 24 барилга байгууламж нь өмнөх онд эхэлсэн ажлууд байна. Нийт 8 бүлэг 17 зорилт, 198 арга хэмжээг төлөвлөжээ. Аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 50 тэрбум 973.8 сая төгрөг зарцуулах юм. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 43 тэрбум 983.9 сая төгрөг, ОНХС-ийн эх үүсвэрээр 3 тэрбум 227.2 сая төгрөг, суурь зардалд 288 сая төгрөг, орон нутгийн төсвөөр 441.4 сая төгрөг, байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардалд 266.7 сая төгрөг, орон нутгийн замын сангийн хөрөнгөөр 250 сая төгрөг, төсөл хөтөлбөрөөр 455 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалт 46.8 тэрбум төгрөг байсан бол энэ онд 43.9 тэрбум төгрөг болж 2.9 тэрбумаар буурсан бол ОНХС-ийн эх үүсвэрээр хийх хөрөнгө оруулалт 3 тэрбум 227.2 сая төгрөг болж 560 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал, бүс орон нутгийн хөгжлийн хүрээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрсдэлгүй өндөр ашиг шим бүхий ХАА-г бэхжүүлэх зорилгоор мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн машин авах, залуу малчдыг малжуулах, шинээр ажлын байр бий болгох, таван суманд инженерийн хийцтэй худаг гаргах, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замыг дуусгах, гурван сумын ЗДТГ-ын барилгыг дуусгах, найман сумын сургууль, дөрвөн сумын цэцэрлэг, хоёр сумын спорт заал зэрэг 30 бүтээн байгуулалтыг дуусгахаар тооцож энэ бүлэгт 47 тэрбум 679.8 сая төгрөгийг төсөвлөжээ.
Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Завхан аймгийн хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөг баталлаа.
Аймгийн ИТХ-ын бодлогын хороодыг байгуулах, ажиллах чиглэлийн тухай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албаны хэлтсийн дарга Д.Үнэнхүү танилцууллаа. Аймгийн ИТХ нь Нутгийн удирдлага, хууль эрх зүй, хүний эрхийн бодлогын хороо, Нийгмийн бодлогын хороо, Эдийн засгийн бодлогын хороо, Хүнс хөдөө аж ахуй, ногоон хөгжил, байгаль орчны бодлогын хороо, Үйлдвэрлэл дэд бүтэц, хот байгуулалтын бодлогын хороо гэсэн нийт 5 хороотой байна. Бодлогын хороод нь аймгийн ИТХ-д асуудал санаачилан оруулах, аймгийн ИТХ-д өргөн мэдүүлсэн шийдвэрийн төслийн талаар санал дүгнэлт гаргах, аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлын санал дүгнэлтийг авч хэлэлцэх, аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгаж санал дүгнэлт гаргах, аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн биелэлтийг шаардах зэрэг эрхтэй. Төлөөлөгчдийг боловсрол мэдлэг, ажлын туршлага зэргээс хамааран бодлогын хороодуудад хуваарилсан гэдгийг онцоллоо. Төлөөлөгчдийн зүгээс цаашид бодлогын хороодууд ажлаа маш сайн төлөвлөж, идэвхтэй, үр дүнтэй ажиллах хэрэгтэйг хэллээ.
2020 оны 11-р сарын байдлаар Сангийн яамнаас цалин хөлс, түлш халаалт буюу ашиглалттай холбоотой
зардалаас бусад зардлыг нээж өгөөгүй байна.
Завхан аймгийн орон нутгийн 2020 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2021 оны төсвийг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар танилцууллаа.
2020 онд төсвийн тодотгол хасах хэлбэрээр хийгдсэн бөгөөд орон нутгийн төсвөөс 632 сая төгрөг, тусгай шилжүүлгийн байгууллагаас 1 тэрбум 770 сая төгрөг, ОНХС-аас 648 сая төгрөгийг тус тус хассан байна. Хэдийгээр орон нутгийн төсвөөс 632 сая төгрөг хасагдсан ч сумдын суурь зардлыг бууруулахгүйгээр зохицуулжээ. 2020 оны 11-р сарын байдлаар зөвхөн цалин хөлс, түлш халаалт буюу ашиглалттай холбоотой зардалаас бусад зардлыг Сангийн яамнаас нээж өгөөгүй байна.
2021 оны төсвийг орон тоо нэмэгдүүлэхгүй, түлш халаалтын зардлыг өсгөхгүй, суурь зардлыг бууруулахгүй байх зарчмуудыг баримталж боловсруулжээ. Газар нутгийн хэмжээ, хүн ам, алслалт зэрэг итгэлцүүрт үндэслэн Төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна. 2021 онд орон нутгийн төсвийн зарлага 26.6 тэрбум төгрөг буюу өмнөх оноос 1.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ нь тэтгэвэрт гарах болон нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой гэдгийг хэллээ. Тусгай шилжүүлгийн байгууллагуудад 45.3 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Завхан аймгийн 2021 оны төсвийг баталлаа.
“Усны сан бүхий газар усны эх үүсвэрийн энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг тогтоох тухай” 2019 оны 12 сарын 2-ны өдрийн 54-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг БОАЖГ-ын дарга Б.Мөнхбат танилцууллаа. Дулааны цахилгаан станц барих шинэ байршил нь энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд хамаарч буй тул Дулааны цахилгаан станц болон Цэвэрлэх байгууламж барих газрыг энгийн болон онцгой хамгаалалтын бүсээс чөлөөлөх шаардлагатай болсон байна. Иймд 2019 оны 12 сарын 2-ны өдрийн тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжсэнээр аймгийн ИТХ-н хоёрдугаар хуралдаан өндөрлөлөө.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ