АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Д.ТҮВШИНЖАРГАЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
1025 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Өнөөдөр аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Түвшинжаргал, Онцгой комисс, шуурхай штабын гишүүд аймгийн Нэгдсэн эмнэлгийн цар тахлын үеийн бэлтгэл, бэлэн байдалтай танилцлаа. Монгол Улсын шадар сайдын тушаалын дагуу коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээг гурван шатанд хийхэд Завхан аймагт коронавируст халдварт цар тахал тархах “маш өндөр эрсэдлтэй” гэж үнэлэгджээ. Завхан аймгийн эрүүл мэндийн салбарт 107 байгууллагын 1144 эмч, ажилтан ажиллаж байгаагаас нийт эмч нарын 65.2 хувь нь үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн байна.

 

Цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор эхний ээлжинд Халдвартын эмнэлэг, Хүүхдийн эмнэлэгт нийт 212 ор бэлтгэжээ. Цаашлаад аймгийн Нэгдсэн эмнэлэгт 136 орыг дэлгэхээр төлөвлөсөн байна. Эрсдэл үүссэн нөхцөлд нэгдсэн эмнэлгийн хэвийн үйл ажиллааг хангах зорилгоор “Одчим наран”, Уламжлалт анагаах ухааны төв, “Үе залгамжлагч” клиник сувилалыг дайчилна. Хэдийгээр өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан бэлтгэлээ хангасан ч нэн тэргүүнд түргэвчилсэн оношлуур, эм тариа, тоног төхөөрөмж,  хувийн хамгаалах хэрэгсэл дутагдалтай, хүчилтөрөгчийн бэсрэг  үйлдвэртэй болох зайлшгүй шаардлагатай гэдгийг хэллээ. Улаанбаатар хотоос баллоноор тээвэрлэдэг зөөврийн хүчилтөрөгчтэй, амьсгалын дөрвөн аппараттай.

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1700 гаруй түргэвчилсэн оношлуур бий. Гэвч Улаанбаатар хотоос ирсэн 5000 орчим иргэнд гэрийн тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээ хийх тул нэмэлт оношлуур шаардлагатай. Нэгдсэн эмнэлэг хэвийн үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ бэлэн байдлыг бүрэн хангахад шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслүүдийн мэдээллийг аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох байгууллагуудад уламжилсан байна.

Аймгийн Засаг дарга энэ үеэр хэлэхдээ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч ажиллахаас гадна нэн тэргүүнд дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслээр хангахад анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.

2020-12-08 15:30:24