ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ НЭМЭГДВЭЛ СТАНЦИУДАД ЭВДРЭЛ ГЭМТЭЛ ГАРАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
1101 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ өдөр /2020-12-15/ Завхан аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

 

Нэгдүгээрт, коронавируст халдвар, цар тахалтай холбоотой гарсан шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг Захиргааны багийн дарга Л.Лхамсүрэн танилцууллаа.

 

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Аймгийн онцгой комисс, Шуурхай штабаас нийт 131 удаагийн шийдвэр гарч 90.8 хувьтай хэрэгжсэн байна. Засгийн газрын 33 заалт бүхий шийдвэр 81.7 хувь, Улсын онцгой комиссын 43 заалт бүхий шийдвэр 88.8 хувь, Аймгийн онцгой комисс, шуурхай штабын захирамж, шийдвэрүүд бүрэн хэрэгжсэн гэж дүгнэжээ.

Хоёрдугаарт, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу гэрийн тусгаарлалтын хугацааг хэлэлцэн шийдвэрлэх талаар Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа мэдээлэл өглөө. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу зөвхөн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн тусгаарлалтын 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг долоо хоног болгосон. Иймд Завхан аймгийн хувьд гэрийн тусгаарлалтын хугацааг 14 хоног хэвээр нь үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Гуравдугаарт, Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах талаар Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн мэдээлэл хийлээ. Хэдийгээр оношлуур дутагдалтай, эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэд олон байгаа ч эхний ээлжинд гэрийн тусгаарлалтын хугацаа дууссан иргэн бүрээс  түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажлыг зохион байгуулахаар болов.  

Дөрөвдүгээрт, Эрчим хүчний хэрэглээ, нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар  “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн дарга Г.Бадамхатан мэдээлэл хийлээ.

 

Тэрээр хэлэхдээ: “Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу цахилгаан эрчим хүчний төлбөрийг тэглэх болсонтой холбоотойгоор Завхан аймагт 12 сарын 13-ны өдрөөс ачаалал нэмэгдэж, хүндрэлүүд бий болсон. Тухайлбал, Улиастай сумын бааз, ногоон хашааны чиглэлийн шугаманд хэт ачаалал үүссэний улмаас эрчим хүчний тоноглол автоматаар салсан. Инженерүүд шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд хэвийн горимд оруулаад байна. Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний ачаалал 20 хувь нэмэгдсэн бол Завхан аймгийн хэмжээнд 8 хувиар нэмэгдсэн. Хэвийн үед зарцуулж байсан эрчим хүчний хэрэглээ 1 мегаваттаар өссөн, оргил ачааллынхаа үед 14 мегаватт хүрэх төлөвтэй байна. Завхан аймгийн хувьд 800 км-ийн зайнаас төвийн эрчим хүчнээс хүчдэл авдаг, хамгийн алслагдмал, захын систем юм. Шугамын дамжуулах чадал бага. Цаашид хэрэглэгчдийн хэрэглээ хэт нэмэгдвэл шугам тоноглол даахгүй байх, улмаар эвдрэл гэмтэл гарах магадлал өндөр. Иймд Деспитчерийн үндэсний төв болон систем компаний ерөнхий инженерээс өгсөн үүргийн дагуу тодорхой арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлнэ. Өчигдөр буюу 12 сарын 14-ний өдөр оргил ачааллын үед өндөр ачаалал бүхий чиглэлүүдэд цахилгааны хязгаарлалт хийсэн.  Деспитчерийн үндэсний төвөөс дорнод бүс болон Алтай-Улиастай систем эх үүсвэрийн дутагдалд орсон тохиолдолд хамгийн түрүүнд хязгаарлах төлөвлөгөөнд Говь-Алтай, Завхан аймгуудын эрчим хүчний систем орсон байгаа. Халаалтын зуухнууд ажиллаж буй энэ үед аль болох тэг зогсолт хийхгүй байх бодлого барьж төлөвлөлтүүдээ хийж байна. Богдын голын нэг дизель станц бэлэн бий. Одоогоор Деспитчерийн үндэсний төв болон Эрчим хүчний яамнаас тусгай горимд ажиллах журам боловсруулж байгаа. Энэ журмаар хүчдэлийн дутагдалд орсон тохиолдолд системүүд болон аймгуудыг хэд хэдэн цагуудад хязгаарлах тухай чиглэл ирнэ. Өчигдөрийн хувьд Завхан аймгийн хэмжээнд тэг зогсолт хийхгүй, тоноглол шугам, дэд станцуудынхаа аюулгүй байдлыг хангах, тодорхой ачааллыг тэнцүүлэх зорилгоор хөдөөгийн 10 сум, Улиастай сумын зарим чиглэлийн хэрэглээг тодорхой хугацаанд хязгаарласан. Дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Хэрэглэгчдийн шийдүүдэд тодорхой даацын автоматуудыг байрлуулахаар төлөвлөж байна. Цаашид ийм байдлаар эрчим хүчний хэрэглээ хэт өсвөл хэд хэдэн эрсдэл үүсэх магадлалтай. Тухайн өрхийн цахилгааны утас даахгүйн  улмаас гал түймрийн аюул гарах магадлалтай, цаашлаад аймгийн хэмжээнд дэд станциудад гэмтэл гарах эрсдэлтэй. Иймд энэхүү эрсдэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд илүү хэрэглээгээ хэмнэж хамтран ажиллахыг хүсч байна” гэлээ.

 

Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал 1-рт, Аймгийн хэмжээний эрчим хүчний нөөц, эх үүсвэрийн судалгааг гаргаж, цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөг танилцуулах 2-рт, Цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг хэзээ, хэрхэн хийх талаар тодорхой хуваарь гаргаж олон нийтэд мэдээлэх 3-рт, Ард иргэдэд эрчим хүчний зөв зохистой хэрэглээний талаар мэдээлэл өгч ажиллахыг тус тус чиглэл болгов.

 

Тавдугаарт, Нийгмийн эрүүл мэндийн төлөвлөлт, хяналт үнэлгээний баг, Хариу арга хэмжээний багийн төлөвлөгөөнд тодотгол оруулахыг багийн дарга нарт үүрэг болголоо. 

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

2020-12-15 15:57:24