Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн баяжуулах үйлдвэрт цианид натрийн уусмал хөрсөнд нэвчсэн асуудлыг газар дээр нь шалгаж, шалтгаан нөхцөлийг тогтоож, хүн ам, мал, амьтан, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг тодорхойлон, эрсдэлийг бууруулж, шаардлагатай арга хэмжээ авч, шуурхай удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн аймгаас тавьсан хүсэлтийн дагуу өнөөдрөөс эхлэн Завхан аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн ахлагчаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, гишүүдээр БОАЖЯамны ахлах мэргэжилтэн Ц.Батжаргал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Мөнхсайхан, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын химийн мэргэжилтэн, ахмад Д.Төмөрчөдөр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Нямжав нар ажиллаж осол гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэмжээг тогтоож, цаашид авах арга хэмжээг тодорхойлж ажиллах юм.
Хяналт шалгалт, авч хэрэгжүүлсэн ажлын тайланг 2020 оны 12 сарын 22-ны өдрийн дотор Улсын онцгой комисст танилцуулахаар төлөвлөжээ.