Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал 2020 оны 12 сарын 24-ний өдөр Идэр суманд ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдал, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Идэр сумын хувьд өвсөндөө таарсан цастай, өвөлжилт хэвийн байгаа ч 2500 орчим толгой мал хорогджээ. Хөдөөгийн гурван багийн 183 өвөлжөөнд 287 өрхийн 130 орчим мянган мал өвөлжиж хаваржина. Одоогоор гуу жалгандаа 6-8 см, тал газартаа 5 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Сумын нөөцөд 15 тонн өвс бэлтгэсэн бол нэгдсэн халаалттай болсонтой холбогдуулан 90 хоногийн 80 тонн нүүрс татаж төв суурин газрын бэлтгэлээ бүрэн базаажээ. Малчид өвөлжилтийн бэлтгэлээ өөрсдийнхөө хэмжээнд сайн хангасан байна.
12-р сарын 1-ний өдрөөс хойш Улаанбаатар хотоос 143 иргэн ирж, одоогоор гэрийн тусгаарлалтад 52 иргэн байна. Эрсдэлтэй бүсээс ирсэн иргэдээ 14 хоногийн хугацаанд сумын төвдөө тусгаарласан нь жилийн эцсийн мал тооллого зохион байгуулахад ач холбогдолтой ажил болжээ. Гэрийн тусгаарлалтад буй иргэдэд 52 төрийн албан хаагч хяналт тавин ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга төрийн байгууллагын удирдлагуудтай уулзах үеэр сум орон нутагтаа нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
Идэр суманд улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн шинэ барилга 2020 оны 8-р сард ашиглалтад орох гэрээтэй байсан ч нийт 1 тэрбум 699 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай болсон байна. 2021 онд 50 сая төгрөг төсөвлөжээ. Ирэх жил сумын 90 жил, сургуулийн 90 жил, Соёлын төвийн 80 жилийн түүхт ой болох тул 2021 оны хавар Соёлын төвийн шинэ барилгыг дуусгах тал дээр онцгойлон анхаарч өгөхийг хүслээ.
Сумын ЗДТГ-ын дарга Т.Пүрэвжүгдэр хэлэхдээ: “Сумын Засаг даргын Тамгын газрын барилгад урсгал засвар хийх, Хөдөө аж ахуйн тасгийн албан хаагчдын орон тоог нэмэх шаардлагатайгаас гадна хамгийн гол тулгамдаж буй асуудал нь цахилгаан эрчим хүчний асуудал байна. Сумын 0.4-ийн хоёр агаарын трансформатор 150 киловаттын хүчин чадалтай. Нэг трансформатороос нь ихэнх төрийн байгууллагууд, нийт өрхийн 70 хувь нь эрчим хүчээ авдаг. Гэвч цахилгааныхаа хүчдэлийг даахгүйгээс 10-р сард тогны хэлбэлзэл гарч айл өрх, албан байгууллагуудад 7.5 сая төгрөгийн хохирол учирсан. Иймд ирэх жил “Агаарын трансформаторын дэд өртөө 1”-ийн хүчин чадлыг 400 киловаттын хүчин чадалтай болгох шаардлагатай” гэв.
Ерөнхий боловсролын сургуулийн шинэ барилгын суурийн ажил хийгдсэн байна. Түүхт ойгоо угтаж олон бүтээлч ажлыг хийхээр төлөвлөжээ. Монгол хэл, математикийн багшийн орон тоо дутагдалтай, багш нар илүү цагийн мөнгө, үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдлээ хангалттай авч байгаа гэлээ. Харин аймгийн Засаг даргын зүгээс илүү цагийнхаа мөнгийг дутагдалтай багшийн орон тоогоо нөхөхөд зарцуулах үүрэг өглөө.
Хүүхдийн цэцэрлэг нь 14 багш ажилтантай, 120 гаруй хүүхэдтэй. Цар тахалтай холбоотойгоор 4 бүлгийн багш нар групп нээж цахимаар үйл ажиллагаагаа явуулж байна. Дотоод нөөц бололцоогоо ашиглаж тохижилтоо сайжруулсан бол гадна тоглоомын талбайтай болохыг зорьж байгаа аж.
Идэр сумын Эрүүл мэндийн төв нь 22 ажилтантай. Гурван их эмч, гурван багийн эмчтэй. Байгууллагынхаа дотоод нөөц бололцоондоо тулгуурлан цар тахлын үеийн бэлэн байдлаа хангаж, урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа ч эрсдэлтэй бүсээс иргэдээ хүлээн авах үеэр хамгаалах хувцас хэрэгсэлийн нөөцөө дууссан байна. Эрүүл мэндийн төвийн өргөтгөл 2018 онд баригдсан бол 2019 онд хуучин барилгадаа засвар хийж нэгдсэн халаалтандаа холбогджээ. Харин ЭХО аппарат, нярайн шарлагын аппарат, дуслын шахуурга гэх мэт ялангуяа эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжүүд нэн тэргүүнд шаардлагатай байгааг хэлж энэ тал дээр аймгийн Засаг даргыг онцгойлон анхаарч өгөхийг хүслээ.
Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал хэлэхдээ: “Завхан аймгийн Засаг даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулж байна. 12 сарын 30-ны өдөр эцэслэн батална. Бид ирэх дөрвөн жилийн хугацаанд аль болох бодитой бүтээн байгуулалтууд хийхийг зорьж байна. Түүхт ойтой сумууддаа онцгойлон анхаарахыг хичээж ажиллана. Шинэ барилгатай болж буй албан байгууллагууд барилгынхаа чанарт маш сайн анхаарч, гүйцэтгэгч компаниудад зохих шаардлагыг тавих ёстой. Өөрөөр хэлбэл олон жилийн настай, чанартай барилгатай болох нь чухал. Сумдын ОНХС-д эхний ээлжинд тус бүр 10 сая төгрөг төвлөрүүлсэн тул өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлаа үр дүнтэй хийх хэрэгтэй. Цар тахалтай холбоотой эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед хэрэглэх нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэлээр хангахад нэн тэргүүнд анхаарна. Цаашлаад эрүүл мэндийн салбарыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмч эмнэлгийн ажилчдынхаа мэдлэг ур чадварыг сайжруулахад ч анхаарч ажиллана. Аймгийн Засаг даргын хувьд төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахаас гадна төрийн албан хаагчдад шударга, иргэддээ ил тод, нээлттэй байх зарчим баримтлах шаардлагыг тавьж ажиллана” гэлээ.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ