Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМАГ УЛААНБААТАР ХОТТОЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР БҮРЭН ХОЛБОГДОНО

Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдохыг Завханчууд олон жил хүсч мөрөөдсөн гэж хэлж болно. Аймгийн Засаг дарга Д.Батсайханыг ажлаа авахад иргэдийн хамгийн түрүүнд тавьж байсан асуудал бол зам юм. Тиймээс алтан шар замаа засахаас ажлаа эхэлж, албан байгууллагууд, ард иргэдийнхээ сэтгэлийн дэмээр Загастайн давааны зам, Ганцын давааны зам, Улиастай хотын гэр хорооллын замуудаа засч дуусгаснаар зорчигчдын цаг хугацаа, бензин шатахууныг хэмнэхээс авахуулаад олон үр дүн гарч байна.

 2016 оны 8-р сарын 13-ны өдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй төлөөлөгчид Завхан аймагт айлчлах үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан хоёр  асуудал тавьсан юм. Үүнд: 1-рт, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км замын ажлыг нэн даруй эхлүүлж өгөх, 2-рт БНХАУ-ын Засгийн газраас МУ-ын Засгийн газарт олгож байгаа 500 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээс хэмнэгдсэн хөрөнгө болох 24 сая долларыг Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замд зарцуулж өгөхийг хүссэн юм. Ажлын хэсгийнхэн ч дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлж өнгөрсөн намар 114 км замын ажил нэлээд хийгдсэн бөгөөд энэ хавар мөн үргэлжилж байна. 2016 оны 8-р  сарын 31-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 24 сая долларыг Загастайн давааны 67 км хатуу хучилттай замыг барихад зарцуулах тухай тэмдэглэл гарч байсан бол энэ хугацаанд тулгарсан олон асуудлыг шат дараатай шийдвэрлэж Хятадын талтай тохиролцсоны үр дүнд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Засгийн  газрын хуралдаанаар тогтоол гарч Загастайн давааны замыг хатуу хучилттай болгох хөрөнгийн асуудал эцэслэн шийдэгдлээ. Энэ бол Завхан аймгийн хөгжлийг шинэ шатанд гаргах түүхэн шийдвэр байлаа. Одоо БНХАУ-ын Эгзим банктай гэрээ байгуулж, тус улсаас санал болгосон 3-5 компаниас гүйцэтгэгч компанийг шалгаруулсны дараа энэ намар замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Эдийн засгийн хямралаас шалтгаалан улсын хэмжээнд замын ажлууд зогссон байгаа энэ үед Завхан аймгийн хоёр зам л ийнхүү тавигдахаар боллоо.

Зам дагаж Завхан нутагт хөгжил ирэх мөч хаяанд ирж байгаад олон хүн сэтгэл тэнүүн байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2017-05-08 17:52:59