Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМАГТ АВТО ЗАМ БАРИЛГЫН АЖЛУУД ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114.2 километр хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо

 

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114.2 километр хатуу хучилттай авто зам барилгын ажлыг Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 42 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 2017 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, 2019 оны наймдугаар сарын 23-ны өдөр албан ёсоор ашиглалтад хүлээн авлаа.  Уг бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "XINJIANG BEIXIN ROAD BRIDGE GRUOP", туслан гүйцэтгэгчээр дотоодын "WXР", "Daimond road", "Энх төгөл бэх" компаниуд 550 гаруй ажилтан, 100 гаруй техник тоног төхөөрөмжтэйгээр шуурхай ажиллаж богино хугацаанд ашиглалтад хүлээлгэн өглөө. Замын бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн иргэдийг оролцуулж түр ажлын байраар хангасан байна.

Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нарын албаны хүмүүс, ард иргэд өргөнөөр оролцлоо.

Тус зам ашиглалтад орсноор Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоход томоохон ахиц дэвшил болсон юм.  

 

Завхан аймаг 2020 оны тавдугаар сард нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно

 

Хад асга ихтэй, уулын хүнд зам болох Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто зам засварын ажил энэ оны зургаадугаар сарын 23-ны өдөр эхэлж ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “СССС” ХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Түм арвижих”, “Арж роуд” компаниуд ажиллаж байна. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан авто зам барилгын ажлын явцтай танилцлаа. Сайдын тушаалаар есдүгээр сарын 1 гэхэд Улиастай-Загастайн даваа чиглэлийн эхний 30 километр хатуу хучилттай авто замын ажлыг дуусгаж, Хатавчийн давааны замыг нээхээр төлөвлөсөн боловч тодорхой нөхцөлүүдээс хамаарч дээрх хугацааг аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв.  Мөн Загастайн давааны хатуу хучилттай авто замын ажлыг ирэх хавар эрт дуусгахаар төлөвлөж буй тул арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл тэсэлгээний ажлуудыг  үргэлжлүүлэх  үүрэг даалгаврыг өглөө. Гүйцэтгэгч компаниудын зүгээс хүн хүч, техник хэрэгсэлээ нэмэгдүүлж тус замын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто зам нь 10 метр өргөн далантай, долоон метр өргөн, таван сантиметр зузаан асфальтбетон хучилттай, 20 сантиметр зузаан буталсан чулуун суурьтай, 40 сантиметр зузаан суурийн доод үетэй байх бөгөөд нийт хучилтын хийцийн зузаан 65 сантиметр, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөнтэй хайрган хөвөөтэй, нийт 68 байршилд төмөр бетон хоолойтой байхаар төлөвлөгджээ.

 

Зам тээврийн хөгжлийн сайд Завхан аймагт ажиллах хугацаандаа аймгийн зүгээс тавьсан хэд хэдэн саналыг шийдвэрлэхээр болов

 

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Улиастай-Говь-Алтай чиглэлийн 194 километр хатуу хучилттай авто зам барилгын ажлыг эрчимжүүлэх, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх саналыг хоёр аймгийн удирдлагууд удаа дараа тавьж буй тул тус бүтээн байгуулалтын ажлыг улсын төсөвт тусган Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр гүйцэтгэхээр боллоо. Ийнхүү ирэх жилээс Завхан-Говь-Алтай чиглэлийн хатуу хучилттай авто зам барилгын ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэж, Тосонцэнгэлийн нисэх буудлыг сэргээж, бага оврын онгоц буулгах тухай хүсэлтийг дэмжихээр болов.

 

Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 километр хатуу хучилттай авто зам аравдугаар сард ашиглалтад орно

 

Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замыг “Монгол ЛЗ” ХК 2018 оны дөрөвдүгээр сард эхэлж, авто зам барилгын ажил эрчимтэй үргэлжилж байна. Тус хатуу хучилттай авто зам одоогоор 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө. Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажилд 600 гаруй хүн ажиллаж, 180 гаруй гүүр хоолой хийж байна.

 

“Доной” нисэх онгоцны буудал хатуу хучилттай зурвастай болов

 

Доной нисэх онгоцны буудлын хөөрч, буух зурвасын барилгын ажлыг 2018 оны тавдугаар сард эхлүүлж, 2019 оны  наймдугаар сард техникийн болон улсын комисс хүлээн авснаар Завхан аймагт ямар ч төрлийн онгоц чөлөөтэй буух боломж бүрдлээ. “Хурдны зам” ХХК нь нисэх буудлын 3С хяналтын кодтой агаарын хөлөг хүлээн авах хүчин чадал бүхий 2860:30 метр хэмжээтэй хөөрч, буух зурвас, 300:15 метрийн хэмжээтэй явгалах зам бүхий тоосгүйжилтын талбай, тоормозлох зурвастай иж бүрэн аэродром болон үерийн ус зайлуулах сувгийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нээлтийн ёслолын үйл ажиллагаа наймдугаар сарын 24-ний өдөр болж Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар, Нисэх буудлуудын удирдах газрын үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Ганхуяг, аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа, Ч.Пунцаг, Доной нисэх буудлын дарга Д.Алтан-Уул, Алдархаан сумын Засаг дарга Ж.Батдэлгэр болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов.

Нийт найман тэрбум 650 гаруй сая төгрөгийн өртөг бүхий Доной нисэх онгоцны буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас баригдсанаар нислэгийн аюулгүй байдал бүрэн хангагдаж, иргэдэд хүргэх тээврийн үйлчилгээ түргэн шуурхай болох, нислэгийн тоог нэмэгдэж, үнэ буурах боломж бүрдээд байна.

Улаанбаатар-Доной-Улаанбаатар чиглэлийн агаарын тээвэр есдүгээр сарын 12-ны өдрөөс долоо хоногт 2-3 удаагийн нислэг үйлдэж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2019-09-17 09:19:34