Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“АРД ИРГЭДЭЭ СОНСОХ НАЙМДУГААР АЯН”-ААР ХӨДӨӨГИЙН НИЙТ ӨРХИЙНХӨӨ 90 ГАРУЙ ХУВИАР ОРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ СОНСЛОО

Завхан аймаг ард иргэдээ сонсдог, иргэдийнхээ санал бодолд тулгуурлан шийдвэр гаргадаг, хийсэн ажлаа ард иргэддээ тайлагнадаг, төрийн албан хаагчид айл өрхүүдээ хариуцан ажилладаг, төрийн ажлыг иргэдээрээ үнэлүүлдэг  “Иргэн төвтэй төр бүхий аймаг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж дөрөв дэхь жилтэйгээ золгож байна. “Ард иргэдээ сонсох аян”-аа жилд гурван удаа буюу нэгдүгээр сард айл өрхүүдээрээ орж санал хүсэлт авч, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцдаг бол наймдугаар сард багийн төвүүд дээр “Төрийн цогц үйлчилгээг багт” үйл ажиллагааг зохион байгуулж, аравдугаар сард сумын төвүүд дээр иргэдийнхээ саналыг сонсдог уламжлалтай. Тухайлбал, 2019 онд “Ард иргэдээ сонсох аян”-ыг гурван удаа зохион байгуулж, 45 мянга гаруй иргэнийхээ санал хүсэлтийг үндэслэн 2020 оны төсөв, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ баталсан билээ. “Ард иргэдээ сонсох аян”-ы үр дүнд төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойр хүрч, төр-иргэний эргэх холбоо сайжирч, иргэдэд тулгамдаж буй бодит асуудал төрийн шийдвэр болох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

 “Ард иргэдээ сонсох наймдугаар аян”-аа 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс нэгдүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулж, зургаан ажлын хэсэг хөдөөгийн 23 сумын 110 багт ажиллалаа. Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут суманд аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг, Тосонцэнгэл, Их-Уул, Идэр суманд аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваагаар ахлуулсан ажлын хэсэг, Сонгино, Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн суманд аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаагаар ахлуулсан ажлын хэсэг, Эрдэнэхайрхан, Сантмаргаз, Цэцэн-Уул,  Яруу суманд аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, Алдархаан, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал суманд аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга Н.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат суманд Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг тус тус ажиллаж, хөдөөгийн нийт айл өрхийнхөө 90 гаруй хувиар орж иргэдийнхээ саналыг сонсож, төрийн мэдээ мэдээллийг хүргэхээс гадна төрийн албан хаагчдын ажлыг иргэдээрээ үнэлүүллээ.

“Ард иргэдээ сонсох наймдугаар аян”-ы ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг, ахмад төрийн албан хаагчид, төрийн бус байгууллагын төлөөлөл ажиллав.

 

Энэ үеэр сумдын Засаг даргын Тамгын газар, төрийн байгууллагын үйл ажиллагаанд батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт, үнэлгээ хийж зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.

 

“Ард иргэдээ сонсох наймдугаар аян”-аа аймгийн төв Улиастай хотод үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

НИЙТЭЛСЭН: 2020-01-24 02:54:57