Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ХАМТЫН ХҮЧ-ХӨГЖЛИЙН ГАРЦ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ДӨРӨВ ДЭХЬ ЖИЛДЭЭ БОЛОВ

Завхан аймаг орон нутгийн баялаг бүтээгчдээ дэмжих зорилгоор жилд 4-5 удаагийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулдгийн нэг нь “Хамтын хүч-Хөгжлийн гарц” үзэсгэлэн юм.  Энэ жилийн үзэсгэлэнг 2020 оны нэгдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулж, 24 сумын 350 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид 1122  нэр төрлийн дөрвөн мянга гаруй бүтээлээр оролцлоо.

 

Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажиллаж 2016 онд оёдол эсгүүрийн, 2017 онд эсгий, эсгий эдлэлийн, 2018 онд ахисан шатны сургалтуудыг зохион байгуулснаар одоогоор дөрвөн мянга гаруй иргэн өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна. Мөн гадаад зах зээлээс хөрөнгө босгож орон нутгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлсээр байгаа юм. Тухайлбал, Европын холбоо, “Дэлхийн зөн” ОУБ-ын Франц улс дахь салбарын 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Монгол улсад анх удаа, тэр дундаа Завхан аймагт хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгай төсөл амжилттай хэрэгжиж байна. 2018 оны нэгдүгээр сараас зорилтот 12 суманд хэрэгжүүлж эхэлсэн тус төслийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 8172 иргэнийг сургалтад хамруулснаар 62 бүлэг байгуулагдаж, 29 бүлгийг 176 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангаад байна. Энэ жилийн “Хамтын хүч-хөгжлийн гарц” үзэсгэлэн худалдаанд төслийн үр дүнд байгуулагдсан бүлгүүд хамтын бүтээлээр оролцсоноороо онцлог байв. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид бүлэг болж хамтран ажилласнаар олон талын ач холбогдолтой, үр өгөөжөө өгч буйг хэлж байлаа.

Завхан аймгийн Засаг даргын гадаад зах зээлээс босгосон 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхний ээлжинд долоон сумыг нэхий, арьс шир боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангаад байна. Мөн эдийн засгийн тусгай төсөл үргэлжлэн хэрэгжих 2020, 2021 онуудад үйлдвэрлэл эрхлэгч бүлгүүдэд дахин 360 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж олгосноор орон нутгийн үйлдвэрлэл илүү өргөжинө. Энэ онд үйлдвэрлэл эрхлэгчдээ хөгжүүлэх, борлуулалтыг нь дэмжих зорилгоор бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна.

 

2019 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод “Хөрөнгө оруулагчдын чуулган” зохион байгуулж, сум бүрт бүс нутгийнх нь онцлогт тохирсон 2-5 жижиг үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Чуулганаар нийт 86 төслийг 30 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх гэрээг үзэглэсэн нь үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал, Дөрвөлжин суманд “Хомын талын тахь” төслийн хүрээнд чацарганы үйлдвэр ашиглалтад орж, экологийн цэвэр бүтээгдэхүүн хар бутны чацарганы жүүс, хар бутны чацарганы шүүс худалдаанд гарсныг энэ үеэр танилцуулав.

Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажилласны үр дүнд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн хоёр дахин, боловсруулах салбарын  үйлдвэрлэл гурав дахин өслөө. Ажилгүйдлийн түвшин өмнөх дөрвөн жилийн дунджаас 30.8 хувиар буурч, улсын хэмжээнд ажилгүйдэл багатай аймгийн хоёрдугаарт эрэмбэлэгдлээ.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

НИЙТЭЛСЭН: 2020-01-14 10:21:11