Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ХӨДӨӨГИЙН ХҮҮХДҮҮД ТУХТАЙ ОРЧИНД АМЬДАРЧ, СУРАЛЦАЖ БАЙНА

Хөдөөгийн хүүхдүүд тав тухтай, тохилог орчинд амьдарч, сурч боловсрох нөхцөл  бүрдсээр байна. Завхан аймагт 2019 онд 10 сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо. Тухайлбал, Шилүүстэй сумын цэцэрлэгийн хүүхдүүд шинэ байранд хичээллэж, Ерөнхий боловсролын  сургуулийн сурагчид тохилог орчинд амьдарч байна. Шилүүстэй сумын цэцэрлэг 1970 онд байгуулагдсан 50 жилийн түүхтэй. 100 орчим хүүхэдтэй хэдий ч 50 хүүхдийн хүчин чадалтай, актлагдсан барилгад үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2018 оны наймдугаар сард эхэлсэн 120 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга 2019 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орлоо. Одоогоор тус цэцэрлэг дөрвөн бүлэг 16 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 91.8 хувьтай байна. Цаашид бүлгээ нэмэгдүүлж хамран сургалтыг 100 хувьд хүргэх зорилт тавьжээ.

2019 онд Завхан аймагт сургууль, цэцэрлэг, соёлын төвийн 700 сая төгрөгийн өртөг бүхий таван их засварын ажил хийгдсэний нэг нь Шилүүстэй сумын 75 хүүхдийн дотуур байр юм. Тус дотуур байранд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийснээр хүүхдүүд дулаан, тохьтой орчинд амьдарч байна. Мөн “Сайн малчин” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар байгуулсан малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”-нд нэгдүгээр ангийн сурагчид сэтгэл хангалуун, аюулгүй амьдарч, малчин өрхүүд хүүхдэдээ санаа зовохгүйгээр мал аж ахуйн салбартаа амжилттай ажиллаж байна.

Сургуулийн дотуур байрандаа малчин эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ амрахад зориулж “Аз жаргалын өргөө”-г тохижуулсан нь шинэлэг ажил болжээ.  Дотуур байрын багш нар хүүхдүүдтэйгээ хамтран хаягдал материалаар ширээ сандал, буйдан, цэцгийн суурь гээд хэрэглээний эд зүйлсээ өөрсдөө хийдэг ажээ.

Завхан аймгийн Ерөнхий боловсролын таван сургуулийн шинэ барилга бүрэн ашиглалтад орсон бөгөөд энэ онд долоон сумын сургууль хичээлийн шинэ байртай болсноор Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн байрны 40 хувь нь шинэчлэгдэнэ. Өнгөрсөн онд долоон сургуулийн дотуур байранд их засвар хийсэн бол  энэ онд Отгон сумын дотуур байрыг засварлах, Асгат суманд шинээр дотуур байр барих, гурван сумын спорт заалны барилгыг шинээр барих хөрөнгийн асуудлыг шийдвэрлээд байна.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

НИЙТЭЛСЭН: 2020-02-12 11:58:00