ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЭЛЧИН САЙД, НҮБ-ЫН ХХААБ-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ТЭРГҮҮТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
1754 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Европын Холбооны Элчин сайд Траян Лауренцю Христеа болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа тэргүүтэй төлөөлөгчид Завхан аймагт хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцах, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцох зорилгоор 2020 оны тавдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Завхан аймагт ажиллаж байна.

 

Монгол Улс, Европын холбооны түншлэл болон Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын  хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор энэ удаагийн айлчлалыг зохион байгуулж байна.

 

Завхан аймгийн хувьд “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөр, “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” болох зорилт дэвшүүлж, гадаад хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тэргүүн чиглэл болгон ажиллаж буйгаараа онцлогтой.

 

Европын холбоо, “Дэлхийн Зөн” ОУБ-ын Франц улс дахь салбарын 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийг Монгол Улсад, тэр дундаа орон нутагт анх удаа дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд Завхан аймгийн 12 сумын 60 гаруй бүлгийн бизнес эрхлэгчдэд тоног төхөөрөмжийн болон зөвлөх үйлчилгээний дэмжлэг үзүүлж, аймгийн иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулж байна.

Ажлын хэсгийнхэн өчигдөр Европын холбооны улсуудын их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах талаар мэдээлэл өгч, газар тариалан, хүнс хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Өнөөдөр Завхан аймгийн “Сайн бизнесмен” хөтөлбөртэй танилцаж, “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийн хэрэгжилт, үр дүн, үйлдвэрлэгч бүлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2020-05-19 12:00:52