Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ЗАВХАН ТҮНШЛЭЛ-2020” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО

Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилтынхоо хүрээнд орон  нутгийн үйлдвэрлэлээ  нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор жилд 3-аас доошгүй удаагийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг билээ. Энэ жилийн “Завхан түншлэл” үзэсгэлэн худалдааг Завхан аймгийн ЗДТГ, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнсчдийн холбоо, Дэлхийн Зөн ОУБ-ын “Завхан аймгийн Эдийн Засгийн өсөлт, хөгжилтөд  ИНБ-уудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төсөл, Хаанбанкны Завхан салбар хамтран зохион байгууллаа. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Завхан аймагт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 100 гаруй жижиг үйлдвэр байгуулагдаж, мэргэжлийн сургалтуудад хамруулах, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай зохион байгуулсан юм. Үр дүнд нь сум бүр өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болсон билээ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид сүү, цагаан идээ, эсгий, эсгий эдлэл, үндэсний дээл хувцас, гоёл чимэглэл, зөөлөн оёдлын бүтээгдэхүүн, мод модон эдлэл, бэлэг дурсгал зэрэг өөрсдийн хийсэн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцлоо.

Үзэсгэлэн худалдааны үеэр 30 мянган төгрөгийн худалдан авалт тутамд азтан тодруулж 25 азтанг шалгаруулж урамшууллаа.  “Завхан түншлэл-2020” үзэсгэлэн худалдааны хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнээр Улиастай сумын “Чингү кимчи”, Хөнгөн үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнээр Дөрвөлжин сумын “Үйлс бүтэх” компанийн монгол гэрийн цагаан бүрээс, Хүнсний үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнээр Их-Уул сумын иргэн Пүрэвсүрэнгийн цагаан идээ, хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон сумаар Ургамал сум шалгарсан бол  Гран при шагналыг “Мөнхөд Мандаг” компани хүртлээ. Мөн амжилттай оролцсон Дөрвөлжин сумын “Хомын талын чацаргана” ХХК-ны хамт олон, Улиастай сумын “Хадан суурь мөнх” ХХК-ны хамт олон,  Яруу сумын иргэн Ц.Мөнхдалай нарт талархал гардууллаа.

 “Завхан түншлэл-2020” үзэсгэлэн худалдааг тохиолдуулан татварын хуулиудын шинэчлэлийн талаар “Business breakfast” уулзалт, “Инновацилаг Завханчууд дэлхийн дэвжээнд” форумыг тус тус зохион байгууллаа.

 

 

НИЙТЭЛСЭН: 2020-11-02 15:59:11