Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМАГ РУУ ТЭЭВЭР ХИЙХ ЖОЛООЧ НАР PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГАА АВСНААС ХОЙШ 24 ЦАГИЙН ДОТОР УБ ХОТООС ГАРЧ, 7 ХОНОГИЙН ГЭРИЙН ТУСГААРЛАЛТЫН ЖУРАМ МӨРДӨНӨ

 Завхан аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын хурлын үеэр Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газраас цаг үеийн мэдээлэл хийлээ.

 

Аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Ө.Болд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоолыг танилцуулж, Улаанбаатар хотод үүсч буй нөхцөл байдалтай холбоотойгоор юуны түрүүнд Их-Уул  сумын постонд онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг онцоллоо.

Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн: “Зайлшгүй шаардлагатай иргэдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 2055 иргэн, Улиастай суманд 315 иргэн гэрийн тусгаарлалтад байна.  Гэрийн тусгаарлалтын журмыг чанд мөрдүүлэх зорилгоор энэ сарын 8-20-ны өдрүүдэд төрийн албан хаагчдыг дайчлан эргүүл жижүүрт гаргаж ажилласан нь их үр дүнтэй байлаа. Цаашид ч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд төрийн албан хаагчдын хүчийг ашиглах нь зүйтэй” гэлээ.

 

Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа: “Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1392 иргэнд, Улиастай суманд 570 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлээ. Одоогоор ямар нэгэн сэжигтэй тохиолдол илрээгүй, эерэг болон сул эерэг хариу гараагүй. 49 автобусанд ариутгал халдваргүйтгэл хийсэн” гэв.

Завхан аймгийн хэмжээнд 7 постонд 18 албан хаагч 7 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж УБ хот болон бусад орон нутгаас ирж буй иргэдийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. Нийт 752 хувийн тээврийн хэрэгслээр 2136 иргэн, 78 автобусаар 2803 иргэн, нийт 4939 иргэн иржээ. Согтууруулах ундаа худалдан борлуулдаг 260 орчим байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 66 тонн архи, 76 тонн шар айраг, 20 тонн дарсыг битүүмжилсэн байна.

 

Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Түвшинжаргал хяналтын постууд дээр ажиллаж буй төрийн албан хаагчдын хариуцлагыг сайжруулахаас гадна ачаа тээврийн хэрэгслийн судалгааг нарийвчлан гаргаж хяналт тавих үүрэг өгөв.

 

Энэ удаагийн Шуурхай штабын хурлаас дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

 

  1. Улаанбаатар хотод эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул Завхан аймагруу ачаа тээвэр хийх жолооч нар PCR шинжилгээний хариугаа авснаас хойш 24 цагийн дотор УБ хотоос гарах

 

  1. Тээврийн жолооч нар GPS системийн хяналттайгаар 7 хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтын журам мөрдөнө.

 

 

  1. Нийтийн халуун усыг 2021 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл тодорхой цагийн хуваарьтайгаар, халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлуулж ажиллуулах

 

  1. 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл оргилуун дарс худалдан борлуулах зөвшөөрөл олгох

 

 

  1. Цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор сумын удирдлагуудад аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаж хүргүүлэх шийдвэрүүдийг тус тус гаргалаа.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

НИЙТЭЛСЭН: 2020-12-23 10:54:30