Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг даргын Тамгын газраас 9-р сарын 23-ны өдөр 24 сумын Засаг дарга нарт нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа. Нэн тэргүүнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, цар тахлыг хамтын хүчээр даван туулах, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлэх гэж буй энэ цаг үед сумын удирдлагуудыг мэдээ мэдээллээр хангах, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ мөрдлөг болгох зарим чухал шийдвэр, бичиг баримтуудыг танилцуулах зорилгоор энэ удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалт, зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нээж үг хэллээ. Тэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх тул сумын удирдлагууд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай.  Сум нь орон нутгийн өөрийн удирдлагын бие даасан суурь нэгж байж, иргэдийн амьдралын тулгамдсан асуудлууд, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг шийдвэрлэх чиг үүрэг, бүрэн эрхтэй байхаар энэ хуульд зохицуулагдсанаараа онцлогтой. Тус хууль батлагдсантай холбогдуулан төсвийн болон татварын багц хуульд өөрчлөлт орж, орон нутаг төсөв санхүүгээ бүрдүүлэх, татварын хувь хэмжээгээ тогтоох болсон. Иймд энэхүү асуудлуудад анхаарал хандуулж, хуулийн дагуу хэрэгжилтийг хангаж, хариуцлагатай ажиллах шаардлагатай байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулснаар бид өвлийг өнөтэй даван туулж, хавартай энх мэнд золгоно. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах талаар гарсан Монгол Улсын Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын албан даалгавруудын дагуу хөдөө аж ахуйн болон суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж, цаашид илүү эрчимжүүлэх шаардлагатай. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар  аймаг орон нутгийн зүгээс холбогдох шийдвэрүүдийг цаг тухай бүрт нь гаргаж, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, хүн хүчний асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа ч түүнийг даван туулах, халдвараас өөрийгөө сэргийлэх арга зам нь иргэн бүрийн гарт байна. Өөрөөр хэлбэл иргэд ухамсартайгаар өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдээ хамгаалж, хариуцлагатай байх цаг үе нэгэнт иржээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар болон цахимаар эхлүүлсэн бөгөөд сургалт, хүмүүжлийн хоцрогдлыг үе шаттайгаар арилгахад анхаарал хандуулж байна. Аймгийн зүгээс сургалтын үйл ажиллагааг танхимаар үргэлжлүүлэх бодлогыг баримталж байгаа тул сумын Засаг дарга нар та бүхэн хариуцлагатай, санаачилгатай ажиллах шаардлагатай. Цаашид төрийн бодлого, шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж, иргэдийн санал хүсэлтийг цаг хугацаанд нь хуулийн хүрээнд шийдвэрлэж, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарлаа хандуулснаар цар тахлын хүнд үеийг хамтын хүчээр даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
 

Сумын Засаг дарга нарын сургалт, зөвлөгөөний үеэр аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагууд цаг үеийн мэдээллүүдийг өгч, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлсон үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.  
 

Тухайлбал, “Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудлууд”,  “Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор инженерийн хийцтэй худаг гаргахад анхаарах асуудлууд”, “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах  арга хэмжээ”, “Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг, цаашид анхаарах асуудал”, “Бэлчээр, ургамал хамгаалах арга хэмжээ зохион байгуулах”, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх”, “Цар тахлын үеийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд”, “Нийгмийн салбарын анхаарах асуудлууд, “Бичиг баримтын стандарт” зэрэг сэдвүүдээр  мэдээлэл өгөв.  

 

НИЙТЭЛСЭН: 2021-09-23 17:47:03