Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТҮДЭВТЭЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.ДАМДИНБАЗАР: ДОТУУР БАЙРАНД ИХ ЗАСВАР ХИЙСНЭЭР ХҮҮХДҮҮДИЙН СУРЛАГЫН АМЖИЛТ САЙЖИРЧ БАЙНА

Юуны өмнө төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх бүсийн сургалтанд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн танай хамт олонд баяр хүргэе. Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, иргэндээ ойр үйлчлэх талаар шинэлэг ажлууд санаачлан хийсэн байна. Энэ талаараа эхлээд мэдээлэл өгөөч?

 

 Завхан аймгийн хойд бүсийн Асгат, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Цэцэн УУл, Сонгино, Сантмаргаз, Түдэвтэй сум оролцсон төрийн албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх бүсийн сургалтанд амжилттай оролцсондоо баяртай байна. Бидний давуу тал бол төрийн албаны хууль тогтоомж, холбогдох  журмууд, төрийн албаны стандарт хэм хэмжээнүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж хэвшсэн явдал юм. Төрийн ажил үйлчилгээг хүргэхдээ иргэдээ хүндэтгэж “Иргэдээ угтаж үйлчилье” уриан дор төрийн үйлчилгээг чанартай хүргэж, угтах үйлчилгээний өрөөг тохижууллаа. “Иргэдээ сонсьё” аяны  хүрээнд төрийн албаны холбогдох хууль тогтоомж,  журмуудыг талаар сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчид, албан байгууллагын дарга эрхлэгч нартай  хамтран, найман баг болж, харилцан хичээл заах, тестийн шалгалт авах зэрэг хэлбэрээр судалсан нь үр дүнгээ өгсөн гэж бодож байна. Мөн сумын ИТХ, ЗДТГ-аас  иргэдэд  төрийн  ажил үйлчилгээг үнэн бодит,  түргэн шуурхай хүргэх зорилгоор төрийн албан хаагчид сумын нийт айл өрхүүдээ хариуцан авч, мэдээлэл хүргэн ажиллаж байна.

 

Тэгвэл хөдөөгийн малчин иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн хүргэж байна вэ?

 

    Олон ажлыг санаачлан зохион байгуулж байна. Тухайлбал хамгийн сүүлд сумын ИТХ-ын дарга, сумын Засаг дарга, багийн Засаг дарга, багийн эмч, эмнэлгийн их эмч нарын ажлын хэсгийн бүрэлдэхүүн хөдөөгийн дөрвөн багт ажиллалаа. Энэ үеэр хүн амын хоногийн давсны хэрэглээ, биеийн индексийг тодорхойлох, амны хөндийн эрүүл мэнд, артерийн судасны даралт ихсэх “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хэрэгжилт,  эмэгтэйчүүдийн умайн болон хөхний  хорт хавдраас урьдчилан сэргийлэх зэрэг өвчлөлүүдийн тандалт судалгааг хийн, шинжилгээнд хамрагдах талаар зөвлөгөө мэдээллийг өгч, цаашид ард иргэдээ эрүүл байлгах тал дээр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

 Танай суманд багагүй бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаагийн нэг нь Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд сургуулийн дотуур байрандаа их засвар хийлээ. Өмнөх орчин нөхцөл ямар байв. Хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэв. Мэдээж хөдөөгийн хүүхдүүдийн сурч боловсрох орчин сайжирснаас гадна олон ахиц дэвшил гарсан болов уу?

 

Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын анхны ерөнхийлөгч асан П.Очирбатын санаачилгаар 75 хүүхдийн дотуур байранд 150.0 сая төгрөгөөр их засвар хийлээ. Дотуур байрны барилга хуучирсан, чийг үнэртсэн, хана таазнаас мөөгөнцөр ургасан учраас хүүхэд амьдрах орчин нөхцөл маш муу байлаа. Засвар хийгдсэнээр малчдын хүүхдүүдийн ая тухтай сурч боловсрох,  амьдрах орчин сайжирч, сурлагын амжилтанд ахиц гарч байна.

2017 онд Түдэвтэй сумын түүхт 90 жилийн ой тохиож, төсвийн байгууллагуудын хэрэгцээт тоног төхөөрөмжийн судалгааг сайн гаргасны үр дүнд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуульд 200 орчим сая төгрөг, Монгол Улсын Ардын эмч Хүний гавьяат эмч П.Онхуудайн нэрэмжит сум дундын нэгдсэн эмнэлэгт 100 орчим сая төгрөг, ЗДТГ-т 15 сая төгрөг, Хүүхдийн цэцэрлэгт 12 сая төгрөг, Соёлын төвд 50 гаруй сая төгрөг, Гудамж талбайн тохижилтонд 150 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалт хийгдлээ.

 

Он гарсаар танай суманд өөр ямар бүтээн байгуулалт өрнөв? Санаачилсан шинэлэг ажлуудаасаа хуваалцвал?

 

Гудамж талбайн хаяг шинэчлэх, замын уулзваруудын тэмдэг тэмдэглэгээг шинээр хийх, хогийн цэгийн талбайг хумих зэрэг сумынхаа өнгө үзэмжид нэлээд анхаарал хандуулан ажиллаж байна.

 

Энэ жил ОНХС-д хэчнээн төгрөг хуваарилагдав? Иргэдээс хамгийн их санал авч хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа тодотговол?

 

Энэ жил ОНХС-гаас 50,5 сая төгрөг хуваарилагдсан. Иргэдээс авсан саналыг эрэмбэлэхэд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан иж бүрэн спортын  талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Аргалант багийн төвийг барих, стандарт гал командтай болох, сумын аюулгүйн нөөц бэлтгэх зориулалтаар малын тэжээл тариалах талбайг өргөтгөх зэрэг ажлууд өндөр санал авсан байгаа.

 

 Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийг үр дүнтэй болгох тал дээр хэр анхаарч байна вэ? Энэ хөрөнгө иргэдийн амьдралд хэрхэн үр өгөөжөө өгч байна?

 

 Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө жижиг дунд үйлвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн амьдралд үр өгөөжөө өгдөг. Гэвч эргэн төлөгдөх нөхцөлийг сайн сурталчилж өгөөгүйгээс хугацаа хэтэрсэн зээл их байна. Хугацаа хэтэрсэн зээлтэй иргэдтэй уулзалт хийж, 2018 оны тавдугаар сарын 20-ны дотор зээлийг бүрэн төлж барагдуулах гэрээг дахин хийлээ. Өөрөөр хэлбэл малчид, иргэдийн эдийн засгийн чадамж дээшлэх ноолуураа борлуулах үеийг сонгосон гэсэн үг.

 

Завхан аймгийн 24 сумаас дөрвөн сум нэгдсэн халаалтад холбогдсоны нэг нь танай сум. Өнгөрсөн жил нэгдсэн халаалтад холбогдлоо. Үр дүн нь хэрхэн гарч байна?

 

Нэгдсэн халаалтанд холбогдож нам даралтын шаталтын зуухнууд хаагдсанаар агаарын бохирдолт багассан. Халаалтанд холбогдсон газруудын орчин нөхцөл сайжирлаа. Нэгдсэн халаалтад холбогдсон албан байгууллагууд болон айл өрхүүдийн ойгоос бэлтгэх модны хэрэглээ багассан зэрэг олон давуу тал бий.

 

 “Миний гоё сум” аяны хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа хуваалцвал?

 

“Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд төв гудамж дагуу ногоон байгууламж байгууллаа. 2018-2020 онд Цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар зураг төслийг гарган, ОНХС-аас найман сая төгрөгийг хуваариллаа. Хогийн цэгийн талбайг багасгах зориулалтаар под хашааг байгуулж, харуултай болголоо.

 

 Иргэдээ ажилтай орлоготой болгох, ажлын байр нэмэгдүүлэх тал дээр ямар ажлууд хийж байна вэ?

 

Иргэдийн дунд хоршоолол нөхөрлөл байгуулж, хамтын хөдөлмөрийг дэмжих, малын гаралтай түүхий эдийг анхан шатны боловсруулалт хийх гар үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.

 

Түдэвтэй сумын хөгжлийн гарц? Ойрын жилүүдэд хэрхэн хөгжих бол?

 

Түдэвтэй сум нь газар зүйн байрлалын хувьд тойргийн сумдын төвд байрлалтай бөгөөд дундын статустай  сум дундын хүн эмнэлэг, цахилгаан холбоо, шуудан холбоо, цагдаагийн хэсэг, ойн анги, жамуух хоршоо, улсын нөөцийн тэжээлийн фонд, нисэхийн нөөцийн буудал зэрэг  байгууллагуудыг түшиж зүүн хойд чиглэлийн бүсийн төв болгон хөгжүүлэх боломжтой. Монгол Улсын Ардын эмч, хүний гавъяат эмч, шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудайн нэрэмжит Сум дундын эмнэлэг  цаашид “Нэгдсэн эмнэлэг” болох зорилт тавин ажиллаж байна.

 

Баярлалаа.

 

НИЙТЭЛСЭН: 2018-05-15 11:40:09