Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Л.БАТТУЛГА: ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ НЭМЭГДЭЖ БАЙНА

Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Монгол Улсын томоохон сумдын тоонд зүй ёсоор багтдаг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын өнгө үзэмж жил ирэх тусам сайжирсаар байна. Хөдөөг чиглэсэн иргэдийн урсгал ч нэмэгдэж байгаа. Танай суманд хэчнээн өрх, хүн ам оршин сууж байна вэ. Эхлээд сумынхаа онцлогийн талаар мэдээлэл өгөөч?

 

Сайхаан, сайхан хаваржиж байна уу. Манай сумыг баруун аймгуудыг нийслэлтэй холбосон хэвтээ тэнхлэгийн гол зам, Мөрөн, Улиастай, Алтай чиглэлийн босоо тэнхлэгийн зам дайран өнгөрдөг, Монгол Улсын авто замын зангилаа, харилцаа холбоо хөгжиж байгаа бүсэд оршдог. 2018 оны байдлаар албан ёсны бүртгэлтэй 2799 өрхийн 9306 иргэн ажиллаж амьдарч байгаа нь өнгөрсөн оноос 122 иргэнээр нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд хүн ам тогтвортой өсч байна. Мөн тойргийн сумдын болон Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сумын 1000 орчим иргэд түр хугацаагаар оршин сууж, төрийн үйлчилгээг авч байна. Нийтдээ 11 мянга гаруй иргэн Тосонцэнгэл суманд амьдарч байна. Сумын онцлогийн тухайд мод, модон эдлэлийн үйлдвэрлэл, байгалийн төрөл бүрийн жимс жимсгэний арвин нөөцтэй. Төрийн болон төрийн өмчит 27 байгууллага, 230 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг.

 

Тосонцэнгэл сум 2018 оны Завхан аймгийн шилдэг таван сумын нэгээр шалгарлаа. Шилдгээр шалгарах гол үзүүлэлтүүд нь юу байв. Нийтдээ хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалтаар ямар онцлох бүтээн байгуулалтын ажлууд хийв?

 

Манай сум  2018 онд Баруун бүсийн шилдэг сум, Завхан аймгийн шилдэг сумаар шалгарсан нь Төрийн байгууллага болон хувийн хэвшилд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид, малчид, нийт иргэдийн хамтын зүтгэлээр бий болсон шагнал юм. 2018 онд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг дурдвал, Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Цагдаагийн хэлтсийн барилга, хожуулын эхний рашаан хүрэх замын засвар эхэлсэн бөгөөд 2019 онд ашиглалтад орно. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, “Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцалийг сайжруулах” төслийн санхүүжилтээр Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 100 хүүхдийн дотуур байрыг 364.6 сая төгрөгөөр, хоёрдугаар сургуулийн 75 хүүхдийн дотуур байрыг 347.3 сая төгрөгөөр, нийт 712 сая төгрөгийн хөрөнгөөр засварлах ажил 2018 оны наймдугаар сарын 1-нд эхэлж, арваннэгдүгээр сарын 21-ний өдөр ашиглалтад орлоо.  Дотуур байрууд цэвэр, бохир усны төвлөрсөн шугаманд холбогдож дотроо хүйтэн, халуун ус, душтэй болж, сурагчид тав тухтай орчинд амьдарч, суралцах нөхцөл бүрдсэн. “Дэлхийн зөн” ОУБ-ын дэмжлэгээр 70 ширхэг гудамжны гэрэлтүүлгийн лед толгойг сольж, Орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгөөр гэрэлтүүлэг нэмэгдүүлснээр цахилгаан бага зарцуулдаг 7.2 км урт гудамны гэрэлтүүлэгтэй боллоо.

 

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна сум орон нутаг өөрийнхөө нөөц бололцоо, санаачилгаараа ард иргэдтэйгээ хамтран хийсэн шинэлэг ажлуудаасаа хуваалцвал?

 

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я. Санжмятав болон аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгээр Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын хамт олон санаачлан  Марзын рашаан амралтын рашааны байрыг шинэчилж ашиглалтад орууллаа. Мөн худалдааны гудманд таксины зогсоол байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг урд талдаа автомашины зогсоол байгуулахыг уриалж ажилласнаар зогсоолууд бий болсон. Ингэснээр авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ чөлөөлөгдөж  байна.

 

Тосонцэнгэл сум Монгол Улсын хамгийн хүйтэн бүс нутагт ордог. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвөлжилт хэр өнөтэй байв. Одоо хаваржилт ямар болж байна вэ?

 

Харьцангуй сайхан өвөл болж өнгөрлөө. Зун газрын гарц муу байсан хэдий ч өвөлдөө цас багатай байлаа. Сайхан өвөл болсон болохоор малчдын сэтгэл тэнэгэр тайван байна. Цагаан сарын дараагаар хүйтэрч хаваржилт хүндэрч эхэлсэн ч одоо дулаараад гайгүй болох төлөвтэй байна.

 

Малчид, мал аж ахуйн салбартаа чиглэсэн ямар онцлох ажлууд хийж байна. “Сайн малчин” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд?

 

Аймгийн Засаг даргын “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”-г хоёр сургууль дээр байгуулж, хөдөөгийн таван багийн долоон өрхийг сумын Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцогчид 237 охин хургаар малжуулсан. Аймаг, сумын аварга малчдаар шалгарсан малчдыг алдаршуулж, шагнаж урамшууллаа. Аймгийн залуу малчдын зөвлөгөөнд 18, эмэгтэйчүүдийн зөвлөгөөнд 11, улсын сайн малчдын зөвлөгөөнд  хоёр малчныг тус тус оролцуулан туршлага судлуулсан. 7000 га бэлчээрт үлийн цагаан оготно устгалын ажлыг хийж, найман сэндрүүлэг, 13 утагч зэрэг ажлын багаж хэрэгсэлтэй болоод байна. Хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэж хонины нэхий, үхрийн шир, хурганы арьсыг үйлдвэрийн болон уламжлалт аргаар боловсруулж нэхий, хурган дотор, гутлын улны хөх ширийг үйлдвэрлэж байна. Мөн сүү, цагаан идээний цех ажиллаж төрөл бүрийн цагаан идээг үйлдвэрлэж байна.

 

Ард иргэдээ ажилтай, орлоготой байлгах, шинээр ажлын байр бий болгоход мэдээж анхаарч ажиллаж байгаа болов уу. Өнгөрсөн онд хэчнээн ажлын байр шинээр бий болгов?

 

2018 онд Хөдөлмөр эрхлэлтийн сангийн хөрөнгөөр 30 иргэнийг, зам барилгын ажил гүйцэтгэж байгаа компаниудад 55 иргэнийг тус тус түр ажлын байраар хангаж, шинээр 13 иргэн ажлын байртай боллоо.

 

Модны үйлдвэрээрээ алдартай байсан Тосонцэнгэлчүүд одоо ч мод модон эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлж байна. Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилтын хүрээнд мод, модон эдлэлийн үйлдвэрлэлээс гадна танай суманд өөр ямар төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна вэ?

 

Мод, модон эдлэл үйлдвэрлэгчдийн холбоог байгуулан зохион байгуулалтад оруулан ажиллуулж байна.Үүнээс гадна хатуу, зөөлөн оёдол, эсгий урлал, жимс жимсгэнэ боловсруулах, талх нарийн боов, арьс шир боловсруулах, төмс, хүнсний ногоо, малын тэжээл тариалах чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байна.

 

Ер нь цаашид орон нутгийн баялаг бүтээгчдээ нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого баримтлах бол?

 

Баялаг бүтээгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчидээ бүлгээр хамтарч ажиллах боломжийг бүрдүүлж “Дэлхийн зөн” ОУБ, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийн тусгай төсөл”-д хамруулах, сум хөгжүүлэх сангийн зээлд хамруулах, зарим нэг үйлдвэрлэгчдийг ажлын байраар хангах бодлого баримталж байна. Нэрс жимс болон түүгээр хийгдсэн бүтээгдэхүүнийг Тосонцэнгэл сумын бренд болгосон. Бренд бүтээгдэхүүндээ Худалдаа аж үйлдвэрийн танхимаас баар код авсанаар супермаркет болон томоохон худалдааны төвүүдээр борлуулах боломж бүрдэж байна. Цаашид сумын бренд бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.

 

Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг зорилтот бүлэгтээ хүргэж, үр дүнтэй зарцуулахад хэрхэн анхаарч байна?

 

2011-2018 онд нийт 190 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 751.8 сая төгрөгийн зээл олгосон. Тус зээлийг олгож эхэлснээр манай суманд шинээр 40, хадгалагдсан 50 ажлын байр бий болсон байна. Тус сангаас зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай ажиллаж байгаа оёдлын цех 5, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа оёдолчин 40, мужааны цех 10, хүнсний цех 3, газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа 45 иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд байна.

 

Ард иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу орон нутаг өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд захиран зарцуулдаг хөрөнгө бол мэдээж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө. Өнгөрсөн онд танай сумын орон нутгийн хөгжлийн санд хэдэн төгрөг хуваарилагдаж ямар ажлууд хийв?

 

Өнгөрсөн онд сумын орон нутгийн хөгжлийн санд 162 сая төгрөг хуваарилагдсан.  Үүнээс сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийг дарж, булах ажилд 50 сая төгрөг, Худалдааны гудамжны хайсыг шинэчлэх ажилд 20 сая төгрөг, Улаантолгой багт гудамжны гэрэлтүүлэг нэмэх ажилд 10 сая төгрөг, гудамжны хаягжуулалт хийх ажилд дөрвөн сая төгрөг, сумын төвийг камержуулах ажилд 10 сая төгрөг, Хайрхан багт гүний худаг гаргах ажилд 10 сая төгрөг, Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад 7.5 сая төгрөг, Соёлын төвийн номын санд ширээ сандал авахад гурван сая төгрөг, шүүхийн шинжилгээний албаны тоног төхөөрөмж худалдан авахад 1.5 сая төгрөг, хөдөөгийн багуудын багийн төвийг засварлах, эвдэрсэн зам даваа засах, баяр наадмын зардал, “Гэр өргөө” төсөл, “Миний гоё сум” хөтөлбөрөө хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнд зарцууллаа.

 

Тэгвэл энэ онд танай сумын орон нутгийн хөгжлийн санд хэчнээн төгрөг хуваарилагдав. Энэ хөрөнгөөр ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

 

2019 оны орон нутгийн хөгжлийн санд 188.9 сая төгрөг хуваарилагдсан. Нийтийн биеийн тамир спортын талбай байгуулахад 100 сая төгрөг, сумын аюулгүйн нөөц өвс тэжээл бэлтгэхэд 10 сая төгрөг, Худалдааны гудамжны хайсыг үргэлжлүүлэн шинэчилэхэд 20 сая төгрөг, Дархан-Уул багт гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэхэд 10 сая төгрөг, Баян-Улаан багийн төвийг нүүлгэхэд 10 сая төгрөг зэргээр олон ажлыг багуудын Иргэдийн нийтийн хурлаараа дамжуулан иргэдээс саналыг авч эрэмбэлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан.

 

2019 онд Тосонцэнгэл суманд улсын болон орон нутгийн хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх вэ?

 

Улсын төсвийн 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 640 хүүхдийн хичээлийн барилгын ажил эхэлнэ. 2018 онд эхэлсэн Цагдаагийн хэлтсийн барилга болон Хожуулын эхний рашаан хүрэх замын засварын ажил хийгдэж дуусна. Нийтийн биеийн тамир спортын талбай байгуулах, шинээр зургаадугаар цэцэрлэгийн барилга барих ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

 

Танай суманд одоогоор тулгамдаж буй асуудал бий юу?

 

Манай сум цэцэрлэгийн насны 900 гаруй хүүхэдтэй, 450 хүүхдийн хүчин чадалтай таван цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас дөрвөн цэцэрлэгийн барилга стандартын шаардлага хангахгүй болж, анги дүүргэлт ихтэй байдаг нь хүүхдийн аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хааж байна. Цаашид цэцэрлэгүүдийн барилгыг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. 2019 онд зургаадугаар цэцэрлэгийн барилгыг барих хэдий ч тэнд ажиллах багш, ажилчдын цалин хөлс, бусад зардлуудыг улсын төсөвт суулгуулах ажлыг хөөцөлдөж байна.

 

Тосоцэнгэл сум хөгжлийнхөө ерөнхий төлөвлөгөөг ямар хугацаатай хийсэн байдаг вэ?

 

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2015-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан “Инженер геодез” ХХК-иар зураг төсөл, хайгуул судалгааны ажлыг гүйцэтгүүлж, мөрдөн ажиллаж байна. Ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын “Сумын төвийн шинэчлэл” төслийн таван тэрбум төгрөгийн хөрөнгөөр цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээ, төрийн байгууллагуудыг нэгдсэн халаалтад холбох ажил хийгдсэн. Цаашид айл өрх, албан байгууллагуудыг цэвэр, бохир усны шугаманд холбох, хэрэглэгчдийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын зорилго нь сумынхаа нутаг дэвсгэрт орчин үеийн хот байгуулалтын бодлогод нийцсэн хүн амын амьдрах таатай орчныг бий болгоход оршиж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2019-03-11 09:33:11