Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН “АРД ИРГЭДЭЭ СОНСОХ ЗУРГААДУГААР АЯН” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

 

Завхан аймаг ард иргэдээ сонсдог, ард иргэдийнхээ санал бодолд тулгуурлан шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэр хэрэгжүүлсэн ажлаа ард иргэддээ тайлагнадаг, төрийн албан хаагчид айл өрхүүдээ хариуцан ажилладаг, төрийн ажлыг иргэдээрээ үнэлүүлдэг, иргэн төвтэй төр бүхий аймаг болох зорилт дэвшүүлэн гурав дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулж, аймгийн Засаг даргын “Ард иргэдээ сонсох  VI аян”-ы хүрээнд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын орлогч Б.Ариунаа, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Лхамсүрэнгээр ахлуулсан 110 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн ажлын хэсэг наймдугаар сарын 3-20-ны өдрүүдэд хөдөөгийн 23 сумын 88 багийн 10 мянга гаруй иргэнд төрийн цогц үйлчилгээг хүргэж ажиллалаа.

Энэ үеэр аймгийн Засаг даргын 2019 оны хагас жилийн ажлын тайланг тавьж, аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаар иргэдэд мэдээлэл өглөө.  Мөн төрийн албан хаагчдын хагас жилийн ажлыг ард иргэдээр үнэлүүлж, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулах иргэдийн саналыг бичгээр авч, бусад санал хүсэлтэд хариулт өгч ажиллав.

 

Төрийн үйлчилгээг анхан шатны нэгжид чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх үүргээ амжилттай биелүүлж буй хөдөөгийн 88 багийн Иргэд Нийтийн хурлын дарга, багийн Засаг дарга, багийн эмч нарт жи-мобайлын суурин утас антены хамт гардуулж, ажил үйлсээрээ амжилт гаргасан иргэдийг аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Улаанбаатар хотоос улсын хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар хүрэлцэн ирж аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын Эрүүл мэндийн төвийн эмч нартай хамтран хөдөөгийн 7000 гаруй иргэдийг эмэгтэйчүүд, ЭХО, хавдар, дотор, шүд, хүүхэд зэрэг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулав.  Мөн хөнгөлөлттэй эм, урлаг соёлын үзүүлбэр, үсчний үйлчилгээг 10 мянга гаруй иргэнд хүргэж ажиллав.

 

НИЙТЭЛСЭН: 2019-08-25 01:31:10