ЗАВХАН АЙМАГ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙНХЭЭ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРНА
7830 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эрүүл мэндийн удирдлагын манлайллыг дээшлүүлэх, иргэн бүрт тэгш, хүртээмжтэй, чанартай, ээлтэй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн тогтолцоог 2016-2020 онд бэхжүүлэх дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор  ханган, нийгмийн баталгааг сайжруулах, ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх  зорилгоор “Сайн эмч” хөтөлбөрийг боловсруулаад байгаа юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль /АШУҮИС/-тай хамтран эхлүүлж, “Багш шавийн эрдмийн уулзалт”-ыг 4 сарын 3, 4-нд Тосонцэнгэл суманд, 4-р сарын 5, 6-ны өдрүүдэд Улиастай суманд бүсчлэн зохион байгуулж, 460 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн, Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа, АУ-ны доктор, профессор Д.Амарсайхан, АУ-ын доктор, дэд профессор Ж.Энхцэцэг, Төрийн соёрхолт МЗ-ын тэнхимийн багш Ч.Эрдэнэчимэг, АУ-ны доктор Э.Чингэрэл, АУ-ын доктор, дэд профессор Д.Мягмарцэрэн зэрэг 15 хүний бүрэлдэхүүнтэй АШУҮИС-ийн баг, аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

“Багш шавийн эрдмийн уулзалт” нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, ажлын байрны тасралтгүй сургалтаар хангах зорилготой  юм. Энэ хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, туршлага солилцох, эх баригч бага эмч нарын ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах, эрүүл мэндийн байгууллагуудын автомашины бэлэн байдлын үзлэг, жолооч нарын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн мэдлэгийн түвшинг тодорхойлох, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэгийн түвшинг тодорхойлох зорилгоор аттестатчилах үйл ажиллагааг зохион байгуулах, мэс заслын болон мэдээгүйжүүлгийн эмч нарын ажлын байрны дадлагажуулах сургалтыг тус тус зохион байгууллаа. Мөн АШУҮИС-ийн сургалтын баг аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, мэдээгүйжүүлгийн багтай хамтран Тосонцэнгэл, Улиастай суманд хүүхдийн болон дурангийн 20 гаруй хагалгаа хийсэн байна. Түүнчлэн аймгийн Засаг дарга АШУҮИС-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.  Энэ гэрээ нь үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийг тасралтгүй сургалтаар хангахад хамтран ажиллах зорилготой юм. АШУҮИС нь орон нутгийн Засаг даргатай анх удаагаа энэхүү гэрээг байгуулж байгаа гэдгийг онцолж байлаа.

Аттестатчилах шалтгалтаа амжилттай өгсөн салбарынхаа шилдгүүдийг мөн тодруулсан байна. Үүнд, “Сайн эмч”-ээр  Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн халдвартын их эмч н.Уранчимэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний эмч Г.Отгонням, “Сайн сувилагч”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч О.Амарзаяа, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн сувилагч н.Долгорсүрэн, “Сайн бага эмч”-ээр Улиастай сумын Биндэргарав ӨЭМТөвийн бага эмч Д.Сосоржав, “Сайн багийн эмч”-ээр Их-Уул сумын Үржил багийн бага эмч Г.Дуламжав, “Сайн эх баригч”-аар Отгон сумын эх баригч Д.Дэмбэрэл, “Сайн жолооч”-оор аймгийн Нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын жолооч Ц.Пүрэвдорж, Баянтэс сумын жолооч М.Жигжидсүрэн нар тус тус шалгарлаа.

Мөн клиникийн профессор цолыг Одчим наран эмнэлгийн эрхлэгч Н.Ариунсайхан, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Бүдрагчаа нар хүртсэн бол, Эрүүлийн хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Э.Түдэв, Эрүүлийг хамгаалахын жуух бичгээр Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч Ц.Туяацэцэг, АШУҮИС-ийн “Эрдэнийн очир” одонгоор 6 хүн шагнагдлаа.

Ийнхүү Завхан аймаг эрүүл мэндийн салбартаа онцгой анхаарал хандуулж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ дотооддоо тасралтгүй сургалтаар хангах гэрээг үзэглэсэн бол энэ салбарын гадаад харилцааг өргөжүүлэх тал дээр ч мөн дэвшил гарч байна. Тухайлбал, БНСУ, Тайвань, БНХАУ, Сингапур зэрэг орнуудад суралцах боломж нээгдсэн бөгөөд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд гадаадын улс орнуудад сургалтанд хамрагдаад эхэлсэн гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-04-06 17:18:43