ЗАВХАНМАНДАЛ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙГОО УГТАЖ 80 БҮТЭЭЛЧ АЖИЛ ХИЙВ
1692 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завханмандал сумын ерөнхий боловсролын сургууль байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн үйл ажиллагаа 2018 оны долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ёслол төгөлдөр болов. Ойн үйл ажиллагаанд сургуулийн анхны захирал Ж.Дүгэржавын үр хүүхдүүд, захирлаар ажиллаж байсан С.Усны-Эх, Б.Батжаргал, Б.Чойжилсүрэн, Г.Вандан, З.Пүрэвчимэд, Т.Болдбаяр нарын үр хүүхэд, гэр бүл зэрэг нутгийн уугуул, суугуул иргэд, үе үеийн төгсөгчид, багш ажилчид өргөнөөр оролцов.

 

Тус сургууль нь Завхан аймгийн ууган сургуулийн нэг бөгөөд говийн бүсийн сургуулиудын төв юм. 1938-1955 онд бага сургууль, 1955-1967 онд                                                баруун бүсийн долоон жилийн сургууль, 1967-1987  онд сумын найман жилийн сургууль, 1988-2018 онд Ерөнхий боловсролын сургууль болж, 80 жилийн хугацаанд 20 гаруй гавьяат, 40 гаруй эрдэмтэн доктор төрсөн түүхтэй. Төрөлх сургуулийнхаа 80 жилийн ойг тохиолдуулан төгсөгчдийн түүхэн ном бүтээж, сургуулийн гадна, дотор орчны тохижилтыг сайжруулж, сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүллээ. Ой угтсан 80 бүтээлч ажлын төлөвлөгөө боловсруулж, төгсөгчдийн дэмжлэг, орон нутгийн оролцоотойгоор хэрэгжүүллээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, хандив, төгсөгчдийн дэмжлэг зэрэг нийт 450 гаруй сая төгрөгийн бүтээлч ажил хийв. Төгсөгчдийн түүхэн ном бүтээхэд бүх төгсөлтийнхөн идэвхтэй оролцсон бөгөөд номын редактораар МУ-ын гавьяат эдийн засагч, доктор Р.Батжаргал, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд, Элчин сайд асан Ц.Ганхуяг, түүх нийгмийн ухааны багш Ө.Тайванхүү нар ажиллалаа.

Баярын хуралд аймаг, сум, нутгийн зөвлөлийн удирдлага, үе үеийн захирал, багш ажилчид, төгсөгчдийн төлөөлөл үг хэлж, “80 дахь намар” хүүхэд багачууд, багш нарын хүндэтгэлийн тоглолт зохион байгуулав. Энэ үеэр сургалтын менежер П.Эрдэнэжаргал, багш Б.Нямдорж, Ц.Гэрэлмаа нар “Алтан гадас” одонгоор, БСШУСЯамны тэргүүний ажилтан тэмдгээр дөрвөн ажилчин, жуух бичгээр зургаан багш, ажилчин энгэрээ мялаав.

Баярын үйл ажиллагааны спортын уралдаан буюу гар бөмбөг, шатар, хасаа харвааны тэмцээнд 150 гаруй тамирчин оролцож авхаалж самбаа, хурд хүч, оюун ухаанаа сорилоо. Мөн хурдан морины уралдаан, хүчит 128 бөхийн барилдаан болов.

 

2018-07-24 16:00:20