Завхан аймгийн Сонгино суманд шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээлэл өнөөдөр /2020-02-14/ 12:18 цагт аймгийн Эрүүл мэндийн газарт ирсэн байна. Хоёрдугаар сарын 13-ны өглөө 04:30 цагт Улаанбаатар хотоос хувийн машинаар Сонгино суманд ирсэн иргэдийг сумын Эрүүл мэндийн төвөөс үзлэг шинжилгээнд хамруулж, зөвлөгөө мэдээлэл өгөх үед иргэдийн биеийн байдал хэвийн байжээ. Гэвч долоон настай хүү З нь хоёрдугаар сарын 14-ний өглөөнөөс эхлэн халуурч 11 цагийн үед сумын Эрүүл мэндийн төвд ирж үзүүлэхэд өвчтөн 38.5 хэмийн халуунтай байсан тул тусгаарлах арга хэмжээг шуурхай авчээ. Дуудлагын дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны А/02 тоот “Халдварт өвчний голомтод ажиллах багийн бүрэлдэхүүн томилох тухай” тушаалаар томилогдсон зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг 2-р сарын 14-ний 13:37 цагт Сонгино сумруу хөдөлж шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүллээ. 14:30 цагт өвчтөн 36.5 хэмийн халуунтай байсан бол 20:30 цагийн үед 36.2 хэмийн халуунтай буюу үдээс хойш дахин халуураагүй байна.
Нэгдүгээр хавьтлын 11 иргэнийг шинжилгээнд хамруулахад биеийн байдал хэвийн байна. Одоогоор 15 иргэнийг тусгаарлаж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д хүргэхээр 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 20:50 цагт Сонгино сумаас Улаанбаатар хотруу хөдөллөө.
Сорьцын хариу гарах хүртэлх хугацаанд иргэдийг тусгаарлах, суманд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах, хөл хорио тогтоох, дэлгүүрээс бусад үйлчилгээний газруудыг хаах шийдвэрийг гаргаад байна. Мөн Сонгино сумаар дайран өнгөрдөг Увс аймгийн нийтийн тээврийг хэрэгслүүдийг зогсоохгүй байхаар шийдвэрлэлээ.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор
аймгийн Онцгой комиссоос дараах шийдвэрүүдийг гаргалаа
“АЖЛЫН ТУСГАЙ ГОРИМД ТҮР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ” АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ГАРЛАА
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 9-р сарын 3-ны өдрийн А/274 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх, ажиллах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4, аймгийн Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг үндэслэн “Ажлын тусгай горимд түр шилжүүлэх тухай” аймгийн Засаг даргын А/68 тоот захирамж гарлаа. Тус захирамжаар 2020 оны гуравдугаар сарын 02 хүртэлх хугацаанд нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг ажлын тусгай горимд шилжүүлж, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий аймгийн “Шуурхай штаб”-ыг байгууллаа.
“Шуурхай штаб”-ын байрыг аймгийн Эрүүл мэндийн газрын шуурхай удирдлагын нэгж дээр төвлөрүүлэн, аймгийн Онцгой комиссын гишүүдийг 24 цагаар ажиллуулж, өдөр тутмын үйл ажиллагааг Эрүүл мэндийн газарт хариуцуулан аймгийн удирдлага болон холбогдох дээд шатны байгууллагуудыг мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг “Шуурхай штаб”-ын дарга, аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаад үүрэг болголоо.
Сум, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд шуурхай штаб байгуулж хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл бэлэн байдлыг хангаж, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахтай холбоотой мэдээ мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулахыг алба мэргэжлийн ангийн дарга нар, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь ажлын тусгай горимд шилжсэн хугацаанд нэгдмэл удирдлага, зохион байгуулалтад орж, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газраас өгсөн заавар зөвлөмжийн дагуу ажиллахыг үүрэг болгов.
Гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн, бүх шатны Засаг дарга, төрийн байгууллагын дарга, эрхлэгч нар, гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангийн дарга нарт даалгалаа.
Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийн эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгсэлд халдваргүйтэл, ариутгал хийх ажлыг эрчимжүүлэхийг Авто тээврийн төв, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.
Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч холбогдох хяналтыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болголоо.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ