Завхан аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын энэ өдрийн /2021.01.06/ хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
Улсын Онцгой комиссын албан даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн дагуу хариуцлага тооцох, ахмад настан, хүүхэд, архаг хууч өвчтэй иргэн зэрэг зорилтот бүлгийн хүн амын судалгааг нарийвчлан гаргаж тэдгээрийн хөдөлгөөнийг хязгаарлах, аймгийн хэмжээний хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл, нүүрсний татан авалтад зохицуулалт хийх, аймаг руу орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтыг сайжруулж чангатгах, цар тахлаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлийг ард иргэдэд хүргэх, “Маскаа зүүж, гараа угааж, зайгаа барья” аян зохион байгуулах, үйлчилгээний газрууд сэжигтэй тохиолдол илэрсэн үед тусгаарлах өрөө /хэсэг/ бэлтгэж хяналт тавих зэрэг ажлуудыг тусгасан байна. Төлөвлөгөөнд гишүүдийн саналыг тусган боловсруулж аймгийн Онцгой комиссын даргаар батлуулахаар шийдвэрлэв.
Батлагдсан төлөвлөгөөг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
Завхан аймгийн хэмжээнд 8 постонд нийт 18 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Улаанбаатар хот болон бусад аймгаас 10 тээврийн хэрэгслээр 31 иргэн ирсэн бол Завхан аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг руу 12 тээврийн хэрэгсэлтэй 20 иргэн зорчжээ.
Их-Уул сумын хяналтын постыг чангатгах, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс албан хаагчдыг томилгоожуулан үүрэг гүйцэтгүүлэх, Тэлмэн, Нөмрөг сумын хяналтын постыг ажиллуулах, аймгийн төвд сумаас ирж буй тээврийн хэрэгсэл, зорчигчийн бүртгэл, мэдээллийг хөтлөхөөр шийдвэрлэв.
2020 онд нийт 672 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн бол 279 иргэнд тандалтын судалгаа хийжээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэг бүх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ хамар залгиурын шинжилгээ авахад сургаж, комбинзонтой үед тасралтгүй 8 цаг ажиллах дасгал сургуулилт хийж байна.
Архи, согтууруулах ундааг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрөх, Улиастай сумын иргэд эмнэлзүйн шинжилгээ (цус, шээс, биохими)-г тухайн багийн цэцэрлэг, сургуулийн байранд өгөх, төрийн албан хаагчид гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хяналт тавих талаар аймгийн Засаг даргын захирамж гаргахаар боллоо.
Мөн Богдын голын усан цахилгаан станцын мөсөн хүрхрээ чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, пост гаргаж ажиллуулах, мөсөн хүрхрээний ойр орчимд байнгын харуул, хамгаалалт ажиллуулах, зах худалдааны төвүүдийн урсгалыг нэг болгох зэрэг үүрэг чиглэл өглөө.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ