Завхан аймгийн Засаг даргын зөвлөлийн хоёрдугаар хурал 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 17:30 цагт эхэлж дараах 8 асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1. “Аймгийн хошой аварга малчин өрх”, “Аймгийн аварга малчин өрх” шалгаруулах
2. “Аймгийн тэргүүний тариаланч” шалгаруулах
3. “Аймгийн алдарт уяач” тодруулах
4. “Салбарын тэргүүний ажилтан” шалгаруулах
5. 2020 оны жилийн эцсийн ажлын үзүүлэлт, үр дүнгээрээ тэргүүлсэн “Шилдэг агентлаг” тодруулах
6. 2020 оны жилийн эцсийн ажлын үзүүлэлт, үр дүнгээрээ тэргүүлсэн “Шилдэг сум”, “Шилдэг баг” шалгаруулах
7. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц
8. Аймгийн аюулгүйн нөөцийн өвсний тухай асуудлыг тус тус хэлэлцэв.
“Аймгийн хошой аварга малчин өрх”-д зургаан малчны материал ирснээс нийт шалгуур үзүүлэлтээр Тэс сумын Дооно багийн малчин Ж.Дарамсэнгэ тэргүүлсэн бол “Аймгийн аварга малчин өрх”-өөр 24 сумын 60 малчин өрх шалгарлаа. “Аймгийн тэргүүний тариаланч”-аар Тэлмэн сумын Баянтэгш багийн тариаланч П.Тогтохбаяр, Улиастай сумын Жинст багийн тариаланч Д.Цэрэнбалжир нарыг, “Аймгийн алдарт уяач”-аар Улиастай сумын Богдын гол багийн уяач Ш.Баярмагнайг дэмжлээ.
Боловсрол, соёл, урлаг, биеийн тамир, спортын тэргүүний ажилтнаар Жавхлант цогцолбор сургуулийн багш Ц.Мөнхцэцэг, Түдэвтэй сумын Соёлын төвийн эрхлэгч Б.Отгонбаатар, Баруун бүсийн тамирчдыг олимпд бэлтгэх төвийн усанд сэлэлтийн дасгалжуулагч А.Пүрэвсүрэн, Улс төрийн албаны тэргүүний ажилтнаар Баянхайрхан сумын Засаг дарга Б.Батсайхан, Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтнаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн арга зүйч, сувилагч А.Амаржаргал, ХХАА, байгаль орчны салбарын тэргүүний ажилтнаар ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Д.Бямбасүрэн, Төрийн жинхэнэ албаны тэргүүний ажилтнаар Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Дүүрэнбилэг, Хууль, эрх зүй, хяналтын байгууллагын тэргүүний ажилтнаар Онцгой байдлын газрын хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Баттогтох, Үйлдвэрлэл, үйлчилгээ, авто тээвэр, барилгын салбарын тэргүүний ажилтнаар АУЭХС-ийн Ашиглалт засварын албаны дарга, цахилгаан шугам сүлжээний инженер Г.Нямдэмбэрэл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтнаар Идэр сумын нийгмийн даатгалын байцаагч С.Өлзийжаргал, Татвар, санхүү, банк, статистикийн салбарын тэргүүний ажилтнаар аймгийн Статистикийн хэлстийн мэргэжилтэн Б.Энхмаа, Төрийн бус байгууллагын тэргүүний ажилтнаар Аймгийн ахмадын хорооны дарга Т.Пүрэвжаргал нарыг тус тус дэмжив.
“Шилдэг агентлаг”-аар Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, “Шилдэг сум”-аар Тэлмэн сум, Эрдэнэхайрхан сум, Цагаанчулуут сум, “Шилдэг баг”-аар Эрдэнэхайрхан сумын Мөсөн баг, Баянхайрхан сумын Төөнт баг, Шилүүстэй сумын Чандмань баг шалгарав.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр 2020 оны наймдугаар сараас хойш 59.2 хувьтай хэрэгжсэн байна.
Аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг зургаан мянган төгрөг болгон хямдруулахаар тус тус шийдвэрлэв.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ