Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг баталж олон нийтэд танилцуулсан билээ. Энэхүү төлөвлөгөөгөөр жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжихийг зорьж байгаа юм. Ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой гэрээг Монголбанк, арилжааны банкуудтай байгуулна. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд нэн тэргүүнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгоно.
Мөн Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх, ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая төгрөг болгохоор тусгажээ.
Иймд Завхан аймагт тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжих чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Монголбанкны Завхан аймаг дахь салбар, арилжааны банкны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга хэлэхдээ: “Одоогоор Завхан аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, сум хөгжүүлэх сангийн 4 тэрбум орчим төгрөгийн чанаргүй зээл байна. Иймд дээрх зээл зорилтот бүлэгтээ хүрсэн эсэхэд хяналт шалгалт хийлгэж байгаа. Төрийн албан хаагчид болон түүний хамаарал бүхий этгээд дээрх сангуудаас зээл авсан бол эргэн төлүүлэх үүрэг өгсөн. Төр зорилтот бүлгийн иргэддээ зээл авах боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр зээлийн шалгуур үзүүлэлт боловсронгуй болж, зээл зөв хүндээ, зорилтот бүлэгтээ хүрч, чанаргүй зээлийн хэмжээ багасч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ард иргэдийн амьдралд бодитой үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Банкны удирдлагуудын зүгээс цаашид орон нутгийн бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа олон улсын чиг хандлага руу чиглүүлэх, төрийн бодлогыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх, нөгөө талаас төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж, бизнес эрхлэгчдэдээ мэдээлэл хүргэх, сургаж чадавхжуулах хөтөлбөрийг үе шаттай, үр дүнтэй зохион байгуулах, үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлэх, хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчлэх шаардлагатай байгааг ч онцоллоо.
Маргааш буюу 2021 оны 2-р сарын 26-ны өдрийн 08:00 цагт аймгийн Засаг дарга орон нутгийн бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонсож ажиллах юм. Мөн энэ үеэр банкны удирдлагууд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зээлийн талаар мэдээлэл өгөхөөр төлөвлөөд байна.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ