АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДОЛ ИХТЭЙ БОЛОН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙГ ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
393 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газраас 24 сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн удирдлагуудад “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хичээл-үйл ажиллагаа эхлүүлэх бэлэн байдлыг хангах нь” сэдэвт цахим сургалт зохион байгууллаа.

 

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал цаг үеийн мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлын талаар тодорхой үүрэг чиглэл өгөв. Судалгаагаар Завхан аймгийн нийт сурагчдын 40 орчим хувь нь хичээлийн хоцрогдолтой байна.  Иймд 2021 оны 3-р сарын 1-ний өдрөөс орон нутагт хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу эхний ээлжинд хоцрогдол ихтэй сурагчид болон малчдын хүүхдүүд, 1, 2, 5, 9, 12 дугаар ангийн сурагчдад танхимын сургалтыг түлхүү чиглүүлж, орон нутгийнхаа онцлогт тохирсон хэлбэрээр хичээлээ явуулах хэрэгтэйг хэллээ. Мөн томуу, томуу төст өвчний улирал дуусаагүй тул сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн удирдлагууд эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллах, хичээл сургалтын үйл ажиллагааг явуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хүүхэд танхимын хичээлд хамрагдах боломжгүй тул цахимаар хичээлдээ оролцох боломжийг олгох, бүх  сурагчдыг танхимаар хичээллүүлэх нь эрсдэлтэй гэдгийг сайтар анхаарч ажиллахыг чиглэл болгов.

 

Завхан аймгийн хэмжээнд Улаанбаатар хотоос ирэх иргэдэд тавих хяналт хэвээр үргэлжилнэ. Нийслэлд эрсдэл өндөр байгаа тул халдварын голомтууд бүрэн хумигдтал аль болох УБ хотоос ирэх иргэдийн хөдөлгөөнийг бага байлгах тал дээр орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах үүрэг өглөө.

Аймгийн зүгээс хамгаалах хувцас хэрэгсэл, түргэвчилсэн оношлуурын нөөцийг бий болгоход анхаарч ажиллаж байна. Цаашид сумдын удирдлагууд эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллах  шаардлагатайг хэллээ.

 

Мөн энэ үеэр аймгийн БСУГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бямбацогт сургууль, цэцэрлэг, соёлын төвүүдийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой түр журмыг танилцуулж, ЭМГ-ын мэргэжилтэн Г.Цэцэгмаа эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн тухай, Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа анги танхимын ариутгал халдваргүйтгэлийн талаар мэдээлэл хийж, асуултад хариулт өглөө.

 

Цахим сургалтын төгсгөлд аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Мөнхзаяа цаашид сумдын удирдлагууд төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлж ажиллах талаар мэдээлэл хийв. 

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2021-02-26 10:51:13