Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Улиастай сумын бизнес эрхлэгчидтэй уулзаж Завхан аймгийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэдээ чиглэсэн онцлох ажлуудын талаар мэдээлэл өгч санал хүсэлтийг нь сонслоо. Завхан аймаг ирэх 4 жилийн хугацаанд орон нутгийн татварын орлогыг 9.8 тэрбум төгрөгт хүргэх, дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлж 33.8 тэрбум төгрөгт хүргэх, СХС, ЖДҮХС, ХЭДС-ийн зээлийн 50 хувийг орон нутгийн үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулж санхүүжилтийг нэмэгдүүлэх, банкны болон төслийн зээлийн шалгуурт шинэ бизнесийг дэмжих нийт зээлийн 30 хувийг олгодог болох зэрэг зорилтуудыг тавьж байгаа юм. Бизнес эрхлэгчдийн зүгээс цаашид Завхан аймгийн хөгжлийг авч явах томоохон үйлдвэрүүдийг байгуулах, Улиастай суманд дулааны цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлэх, мэргэжилтэй чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авах шат дамжлагыг багасгах, орон нутгийн үйлдвэрлэгчдийг гадаад дотоодын томоохон үйлдвэрүүдэд туршлага судлуулж дадлагажуулах зэрэг саналуудыг тавив.
Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг баталж олон нийтэд танилцуулсан билээ. Нэн тэргүүнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгохоор төлөвлөөд байгаа юм. Мөн Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх, ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая төгрөг болгохоор тусгасан. Эдгээр зээлүүдийн талаар Монгол банкны Завхан аймаг дахь салбарын захирал Наранцэцэг мэдээлэл өглөө.
“Очирваанийн боломж” ТББ-аас цар тахлын энэ үед жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, нөлөөллийн судалгаа хийснийг мөн энэ үеэр танилцууллаа. Завхан аймгийн хэмжээнд 2200 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 1300 гаруй нь л тогтвортой үйл ажиллагаагаа явуулдаг байна. Судалгаанд 108 аж ахуйн нэгж оролцсоноос цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний улмаас 58 байгууллага үйл ажиллагаагаа түр зогсоосон бол 12 байгууллага бүрэн зогсоосон, 38 байгууллага хэвийн ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгчээ. 39 аж ахуйн нэгж цар тахалтай холбоотой санхүүгийн нөөц огт байхгүй, 34 байгууллага 1-3 сарын нөөцтэй, 30 байгууллага 1 сарын нөөцтэй, 4-6 сарын нөөцтэй 4, 7-с дээш сарын нөөцтэй 1 аж ахуйн нэгж байна. Харин цар тахалтай холбоотойгоор 7 аж ахуйн нэгж 100 хувь ажлын байраа цомхотгожээ. 18 аж ахуйн нэгж ажилтнуудынхаа 20 хүртэлх хувийг, 6 аж ахуйн нэгж ажилтнуудынхаа 50 хүртэлх хувийг, 2 аж ахуйн нэгж ажилтнуудынхаа 80 хүртэлх хувийг цомхотгосон бол 75 аж ахуйн нэгж ажлын байраа огт цомхотгоогүй байна.
Энэхүү бизнес эрхлэгчдийн уулзалтад Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, ХХААГ зэрэг төрийн байгууллагуудын төлөөллийг ч оролцуулсан юм. Цаашид аймгийн Засаг дарга орон нутгийн бизнес эрхлэгчдээ чадавхжуулах, үйл ажиллагаагаа өргөтгөхөд нь бүх талаар дэмжиж ажиллана гэлээ. Хамгийн гол нь төр зорилтот бүлгийн иргэддээ зээл авах боломжийг нь бүрдүүлж өгснөөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ард иргэдийн амьдралд бодитой үр дүнгээ өгөх ёстой гэдгийг онцоллоо. Ийнхүү аймгийн Засаг даргын Улиастай бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалт амжилттай болж, цаашид жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, боловсон хүчнээ чадваржуулах, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.