КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРТАЙ ИРГЭДЭЭ СУМАНДАА ЭМЧИЛСЭН АНХНЫ АЙМАГ БОЛЛОО
469 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Шилүүстэй суманд 2021 оны 3-р сарын 3-ны өдөр коронавирусийн халдвар батлагдсан даруйд Аймгийн Засаг даргын 2021 оны А/97 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг шуурхай ажиллаж,  хүндэтгэн үзэх шалтгааны улмаас суманд нь эмчлэхээр шийдвэрлэсэн билээ. ХӨСҮТ-ийн эмч нарын баг, Завхан аймгийн эмч, мэргэжилтнүүд гар нийлэн хамтран ажилласнаар халдвартай 6 иргэний 2 иргэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ.

Шилүүстэй сум нь цэвэр, бохир усанд холбогдоогүй бөгөөд хөдөө орон нутагт агаар дуслын халдварыг эмчлэх Халдвартын эмнэлгийн бүтэн боксгүй, эмч эмнэлгийн ажилчид халдвар авах эрсдэл өндөртэй хүнд нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлан Ковидын эмнэлэг дэлгэн ажилласнаар ийнхүү иргэдээ эмчилж чадлаа.



Мэргэжлийн баг халдварыг эрт оношлон, хавьтлын тандалт судалгааг өндөр түвшинд хийж, эрсдэлтэй ойрын хавьтлуудыг тусгаарлан бүрэн хяналтад авч чадсанаар голомтыг хумилаа. Өнөөдөр ойрын хавьтлын 18 хүний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа.

Энэ нь Монгол Улсын хэмжээнд цар тахлыг сумын эмнэлэгт эмчилсэн анхны тохиолдол болж байна. Завхан нутгийг зорьж мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч нарын баг, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүд, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, Шилүүстэй сумын албан хаагчдад Завханчуудынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

Ард түмэн минь аюулт өвчнөөс хол байж, заяа буян нь дэлгэрч явах болтугай.

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТҮВШИНЖАРГАЛ

2021-03-16 11:00:16