ЗАВХАН АЙМАГТ КОРОНАВИРУСНИЙ ХАЛДВАР ЭРС НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ ТУС АЙМГИЙГ ЗОРИХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА
405 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймагт коронавирусний халдвар өдөр бүр 50-80 тохиолдлоор нэмэгдэж нөхцөл байдал хүндэрлээ. Халдвар авсан хүмүүсийн 50 хувь  нь УБ хотоос ирсэн  иргэд болон тэдний хавьтал байна. Мөн вакцины 2-р тундаа хамрагдсан иргэд, хүүхдүүд ихээр өвчилж байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлгийн ор дүүрсэн, Улиастай сумын 3-р сургуулийн өргөтгөлд нэмэлтээр 100 ор дэлгэсэн хэдий ч мөн л дүүрээд байна. Маргааш буюу 6 сарын 26-ны өдрөөс Алдархаан суманд 80 ортой эмнэлэг дэлгэхээр төлөвлөсөн ч энэ амралтын өдрүүдэд дүүрэх төлөвтэй байгаа юм.

 

Тандалт судалгааг гүйцэж хийх боломжгүй, эмч, эмнэлгийн ажилтнууд хүрэлцэхгүй нөхцөл байдал үүслээ. Нэгдсэн эмнэлэгт ирж буй дуудлагуудын ихэнх нь ковидын шинж тэмдэгтэй байна.

 

24 сумаас 17 суманд халдвар тархсаны улмаас есөн суманд тэг зогсолт хийж, нэг сум хатуу хөл хорио тогтоосон. Иймд аймгийн Засаг даргын захирамжаар 7-р сарын 1 хүртэл зөвхөн хүнс тээвэр, шатахуун тээвэр, буяны ажил, яаралтай түргэн тусламжийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн болно. Гэвч Завхан аймагт амарч зугаалах зорилготой, зөвхөн хувийн эрх ашгаа бодсон иргэд Их-Уул сумын пост дээр хэл ам хийж, ихээхэн хүндрэл учруулж байна.

 

Цаашид Завхан аймаг халдварын тархалтын “Улаан түвшин”-д шилжиж, тодорхойгүй хугацаагаар хатуу хөл хорио тогтоох саналыг Улсын Онцгой комисст хүргүүлэхээр төлөвлөөд байна.

 

Иймд та бүхнийг Завхан аймаг руу зорчихгүй байж, нутгийн ард иргэд болон мэргэжлийн байгууллагуудад хүндрэл учруулахгүй байхыг хүсье.

 

ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ

 

 

 

2021-06-25 20:45:50