ХАНГАЙН НУРУУНЫ НОЁН ОРГИЛ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ИХ ТАХИЛГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
1562 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монголчуудын их шүтээн, хангайн нурууны ноён оргил, мөнх цаст Отгонтэнгэр хайрхан уулыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зарлигаар 1995 онд Төрийн тахилгатай болгосноос хойш энэ жил долоо дахь удаагаа ёслол төгөлдөр тахиж, төр түмнээ даатгалаа.

 

Уламжлал ёсоор тахилгын өмнөх өдөр буюу 8 сарын 21-ний орой “Долоон бурхан од”-ны тахилгыг зохион байгуулж, сүсэгтэн олон залбирал мөргөл үйлдэж, туульч Хангайн магтаал болон Отгонтэнгэр хайрхан уулын магтаал хайлав.

8 сарын 22-ны өдрийн Тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нар үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар  Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Завхан аймгийн музейд хадгалуулахаар  хүлээлгэн өгөв.

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, Хамба Номун хан Д.Чойжамц, Жалханз хутагт Ч.Данзэнчойжийванчүг, Наро бэнчэн гэгээнтэн Б.Цэдэн-Иш тэргүүтэй лам хуврагууд Отгонтэнгэр хайрхан уулын сан, Буман цагаан судар, Сэвжид сэржим, Жанлавцогзол номуудыг уншиж мандал өргөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэнгэрт хүргэх дуут сумыг Монгол Улсын Гавьяат тамирчин, үндэсний сурын Дархан мэргэн, Зууны манлай харваач Ш.Даваахүүд хүлээлгэн өгч, Завхан аймгийн Отгон сумын харьяат, аймгийн аварга малчин, аймгийн алдарт уяач, “Алтан унага”-ны эзэн Б.Дугаазааны адуун сүргээс сонгосон цагаан морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв.

Ийнхүү төрт ёс, түүхэн уламжлалын дагуу таван жилд нэг удаа болдог Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан уулын Төрийн их тахилгыг цар тахлын халдвараас сэргийлэх журмыг чанд мөрдөж, уламжлалт дэг жаяг, зан үйлийн дагуу ёслол төгөлдөр зохион байгуулав.

2021-08-23 09:30:30