ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА С.АМАРСАЙХАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА
2107 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр /2021-08-24/ Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Завхан аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа. Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд Завхан аймгийн товч мэдээлэл, Онцгой комиссын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, коронавируст халдварын нөхцөл байдал, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт, санхүүжилт, боловсролын байгууллагын бэлэн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тус тус мэдээлэл өгч, орон нутагт тулгамдаж буй асуудлуудаа уламжлав. Тухайлбал, ЗӨСТ-д PCR шинжилгээний тоног төхөөрөмж, урвалж бодис, түргэвчилсэн оношлуур, эмнэлгүүдэд амьсгалын аппарат, унтуулгын аппарат, хяналтын монитор, дуслын автомат шахуурга зэрэг тоног төхөөрөмжүүд, Алдархаан сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэст шуурхай албаны пургон машин, бэлчээр хамгаалах арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлтүүдийг тавилаа.

 

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн хяналт, хөдөө аж ахуйн салбартай холбоотой зарим асуудлыг тодруулж, цаашид анхаарах хэд хэдэн үүрэг чиглэл өглөө. Тэрээр цар тахлын энэ хүнд үед салбар дундын уялдаа холбоог сайтар хангах, эм тарианы хангалтыг тасалдуулахгүй байх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, шуурхай хүргэхэд онцгойлон анхаарах, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллах бэлэн байдлыг хангах, өвс тэжээлээ сайтар бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цар тахлын үеийн отор нүүдлийн төлөвлөлтөө сайн хийх,  Мэргэжлийн хяналтын газар халдвараас урьдчилан сэргийлэх, дэглэм журам сахиулах бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад онцгойлон анхаарах,  эцэг эхийн хамтын ажиллагааг бүрдүүлж эрсдэлийг бууруулах, сум, баг бүртээ газар дээр нь очиж ажиллах, иргэдийн санал гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг тус тус үүрэг болгов.

 

 Мөн 2021 оны намар, өвлийн улирал өнгөрсөн жилээс эрс ялгаатай гэдгийг онцоллоо. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн өдийд Монгол Улс дотооддоо халдвар алдаагүй, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа харьцангуй эрсдэлгүй, шинэ вирусийн төрлүүд дэлгэрээгүй байсан бол энэ жил томуу, томуу төст өвчинтэй зэрэгцээд маш хүнд нөхцөлд ажиллах учраас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах шаардлагатайг онцлов.

 

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын зүгээс аль болох ажил амьдралыг хэвийн үргэлжлүүлэх урт хугацааны зөөлөн бодлогыг хэрэгжүүлж байна. Хатуу хөл хорио тогтоох амархан хэдий ч гарах сөрөг үр дагавар ихтэй. Иймд иргэдэд цар тахлаас өөрсдийгөө хамгаалах урт хугацааны дадал зуршлыг бий болгох, бүх шатанд эрсдэлийг бууруулах замаар амьдралын хэвийн горимд шилжихийг зорьж байна. Бид ажил, амьдралын шинэ хэмнэлтэй нүүр тулж байгаа учраас ард иргэд, мэргэжлийн байгууллагуудын хариуцлага улам бүр нэмэгдэж байна гэлээ.

 

Тэрээр Завхан аймгийн Онцгой комиссоос тавьсан санал хүсэлтүүдээс газар дээр нь шийдвэрлэж, зарим асуудлыг шийдвэрлэх боломж нөхцөлийг судална гэв. Энэ удаад PCR шинжилгээний тоног төхөөрөмж, урвалж бодис, түргэвчилсэн оношлуур, Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашин, Онцгой байдлын хэлтсийн автомашины асуудлыг тус тус шийдвэрлэж өгөхөөр боллоо.

 

Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал: “Цар тахлыг сумандаа эмчлэхэд ХӨСҮТ-өөс мэргэжлийн баг илгээснээс гадна явуулын PCR аппарат, бусад шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникийн туслалцааг үзүүлсэн Улсын Онцгой комиссын хамт олонд юуны түрүүнд ард иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Завхан аймагт коронавиурсний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор бүртгэл хяналтын систем нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Мөн аймаг орон нутгийн зүгээс мэргэжлийн байгууллагуудаа машин техник, тоног төхөөрөмжөөр хангахад туслалцаа дэмжлэг үзүүлж байна, цаашид ч энэ тал дээр анхаарч ажиллана. Шаардлагатай эм тарианы нөөцөө бэлтгэсэн, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангахад онцгой анхаарч байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвс тэжээлийн нөөцөө бэлтгэхэд аймгийн орон нутгийн хөгжлийн санд 200 сая төгрөг төсөвлөсөн, малын гоц халдварт өвчин гаргахгүй байхад анхаарч ажиллаж байна. Хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар эхлэхтэй холбогдуулан багш нараа бүрэн вакцинд хамруулсан, цаашид хүүхдүүдээ хамруулах тал дээр  анхаарна. Аймгийн Онцгой комиссын гишүүд 24 сумаа хариуцан ажиллаж байгаа бөгөөд “Ногоон сум” болгосон тохиолдолд урамшуулах зэрэг шийдвэрийг гарган ажиллаж байгаа” гэлээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Завхан аймагт ажиллах үеэрээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд шинээр ашиглалтад орсон Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцав.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2021-08-24 16:10:19