ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН МЭНДЧИЛГЭЭ
308 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 
Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид,
оюутан суралцагчид, эцэг эхчүүд ээ!
 
Монгол эх орны минь гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд, оюутан суралцагчид болон багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын байгууллагын нийт ажилтнууддаа орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой, 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
 
Монголын төр, айл өрх, иргэн бүр хүндэтгэл ёслолоор дүүрэн тэмдэглэдэг эрхэм баярын нэг нь жил бүрийн 9 дүгээр сарын 1, хичээлийн шинэ жилийн нээлтийн баяр байдаг билээ.
 
 
Хичээлийн шинэ жилийн босгон дээр эрдмийн дөрөөнд анх дөрөөлж, 1-р ангид элсэн орж байгаа багачууддаа болон ажил мэргэжлийн сонголтоо хийж, оюутан хэмээх алдрыг хүртэж байгаа залуучууддаа хичээлийн шинэ жилийн мэндийг дахин хүргэе.
 
 
Хүүхэд багачуудынхаа эрдэм боловсрол, хүмүүжил төлөвшил, хөгжлийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комисс энэ жил хичээл сургуулийн үйл ажиллагааг цахим, танхим хосолсон байдлаар явуулах шийдвэр гаргасан.
 
 
Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 42 цэцэрлэгийн 4, 5 настны 84 бүлэгт 2224 хүүхэд, ерөнхий боловсролын 29 сургуульд 16194 суралцагч сурч, эрдэм номын өргөөнд маань 2200 гаруй багш, ажилтан ажиллана.
 
 
Хүүхэд багачууд маань цар тахлын халдвараас өөрсдийгөө хамгаалах давхар сорилттой хичээллэж буйг байнга бодолцон, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх нь хамгаас чухал болоод байна.
 
 
Олны дунд анх удаа орох цэцэрлэгийн багачуудад, сүүлийн 2 жил цэцэрлэгт явалгүй шууд дунд сургуульд орж буй зургаан настнуудад, тооны хүрдээ мартсан бага ангийнханд, хичээлүүдээ сая нэг нөхөж хоцрогдлоо арилгах гэсэн дунд, ахлах ангийнханд багш, эцэг эхчүүд хамтдаа тусалж сэтгэлийн дэм өгөх учиртай.
 
 
Хүүхэд бүрийг эх оронч, үндэсний бахархалтай, өөртөө итгэлтэй, бүтээлч, шийдвэр гаргах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд багш сурган хүмүүжүүлэгчид, салбарын ажилтнуудын бүтээлч санаачилга, хүүхэд багачууд, оюутан суралцагчдын хичээл зүтгэлээс гадна эцэг эх, иргэн олон нийт, төрийн байгууллагын хамтын ажиллагаа маш чухал юм.
 
Эрхэм хүндэт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ!
 
 
Сайн багш хөгжлийн суурь үндэс гэдэгтэй хэн бүхэн санал нийлдэг. Хүүхэд багачуудад эрдэм мэдлэгийг түгээж, үндэсний ёс заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, иргэншин төлөвшсөн хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх эрхэм хүндтэй үүргийг ардын багш та бүхэн маань үүрч байдаг билээ.
 
 
Багш нарынхаа мэргэжил мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, ажлын байрандаа хөгжих, бусдаас суралцах, мэддэг чаддагаа бусдад түгээх нөхцөлийг бүрдүүлэх, багш нараа орон сууцжуулахад дэмжлэг үзүүлж ажиллах зорилтыг шат дараатай шийдвэрлэж байна.
 
 
Дэлхий нийтийг хамарсан Ковидын хүнд нөхцөл байдлын энэхүү цаг үед хичээл сургалтыг тасралтгүй үр дүнтэй зохион байгуулахад эцэг эхийн оролцоо, багш, суралцагчийн хамтын хөдөлмөр, зүтгэл маш чухал юм шүү гэдгийг дахин онцлон тэмдэглэж, хамтдаа эрсдэлийг сөрөн зогсож, хичээл сургалт, ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийн төлөө хичээцгээе!
 
 
Та бүхний эрдмийн гэрэлт зам нь дардан байж, Монголын оюунлаг ирээдүйн төлөөх их үйлс тань мандан бадрах болтугай.
 
 
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТҮВШИНЖАРГАЛ

 

2021-09-01 09:15:23