Завхан аймгаас эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалах, хилийн халдашгүй дархан байдал, энх цагийн бүтээн байгуулалт, ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө мэдлэг чадвар, авьяас билиг, ажил амьдралын арвин их туршлагаа эгнэгт зориулан зүтгэж ирсэн хорин таван “Генерал” төрсөн билээ.
Батлан хамгаалах яамны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Завхан аймгаас төрөн гарсан Монгол Улсын генералуудынхаа алдар гавьяаг мөнхжүүлэн ирээдүй хойч үедээ сурталчилан таниулах, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг бий болгох зорилгоор “Нутгийн генералууд” хүндэтгэлийн талбайг шинэчилэн засварлаж өнөөдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
“Нутгийн генералууд” хүндэтгэлийн талбайн нээлтийн үйл ажиллагаанд Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Улам-Оргих, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, Бригадын генерал Ч.Цогтжаргал, Бэлтгэл дэд хурандаа Н.Тэрбиш, Бэлтгэл дэд хурандаа Д.Дэчинсамбуу, Аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Үнэнбаяр, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Чулуунзагд, Хилийн 0277 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Уламжаргал, Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Н.Отгонжаргал, Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Батжаргал, Тагнуулын Ерөнхий газрын Завхан аймаг дахь хэлтсийн дарга, хурандаа А.Арсланбаатар, Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагын дарга, 24 сумын Засаг дарга нар оролцлоо.
“Нутгийн генералууд” хүндэтгэлийн талбайг ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 339 дүгээр ангиас томилогдсон ахмад Ч.Эрхэмбаатар ахлагчтай барилгын бүлэг албан байгууллага, ард иргэдийн хандиваар, Зэвсэгт хүчний 339, 325 дугаар ангиуд, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, ШШГГ-ын алба хаагчид дотоод нөөц боломжиндоо тулгуурлан хийж гүйцэтгэлээ.
Энэхүү бүтээн байгуулалт нь эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, аюулгүй байдлын төлөө ухамсарт амьдрал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм генералуудаараа бахархах, хүндэтгэн дуурайх, дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, Зэвсэгт хүчний түүхэн ой, “Монгол цэргийн өдөр”, “Генералуудын өдөр” зэрэг түүхэн ой, тэмдэглэлт баяр, хугацаат цэргийн жинхэнэ албанд татагдсан дайчдыг үдэн гаргах, цэргийн албаа нэр төртэй хааж ирсэн цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах, гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг болох, олон нийт, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.