ДААТГУУЛАГЧ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ ХЭМЖЭЭ, ХУГАЦАА ТОГТООСОН БАЙДАЛД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
1018 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын А/120, Аймгийн Засаг даргын А/331 тоот захирамжийн дагуу аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамцаар ахлуулсан “Даатгуулагч иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг”-ийг  байгуулж, энэ өдрүүдэд хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна.
 

Хяналт, шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн холбогдох албан тушаалтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах орон тооны бус төлөөлөлтэй хамтран халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан зохион байгуулж байна.

Ажлын хэсгийнхэн хөдөлмөрийн чадвар алдсан иргэдээс түүвэрлэн, иргэдийн гомдлыг нэг бүрчлэн барагдуулж, хяналт, шалгалт хийхээс гадна хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагч иргэний ажил  эрхлэлтийн байдалд судалгаа хийнэ. Мөн иргэдээс эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой санал, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэн ажиллах юм.
 

Хяналт шалгалтад дараах иргэдийг бүрэн хамруулна. Үүнд:
 

1.Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон заалт өвчний ангилал хоорондох заалт хоёр ба түүнээс  дээш удаа өөрчлөгдсөн 156 иргэн
 

2.Сүүлийн 3 жилд нийгмийн халамжийн сангаас нийгмийн даатгалын санд шилжин тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа 193 иргэн
 

3. 10 ба түүнээс дээш жил  хөдөлмөрийн чадвар  алдалтын хувь, хугацаа тогтоолгосон 1606 иргэн
 

4. Хөдөлмөрийн чадвар алдалтаа 90-100 хувиар тогтоолгосон ажил хөдөлмөр эрхэлж байгаа 7 иргэн
 

5. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадвар алдалтаа үргэлжлүүлэн сунгуулж байгаа 17 иргэн хамрагдана.
 

Оношийн үндэслэл, баталгаажилт хангалтгүй, төрөлжсөн мэргэжлийн эмчийн байнгын болон идэвхтэй хяналтгүй тохиолдолд иргэнийг байлцуулан эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулна. Харин өвчний хүндрэл, үе шатаас хамаарч сэргээн засах боломжгүй, удаан хугацааны эмчилгээ шаардсан хорт хавдрын 3, 4-р үе, цусны эмгэг, бүх  төрлийн тайралт, халдварт өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийг хамруулахгүй.

Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтыг хамгийн өндөр байгаа өвчний ангиллаар авч үзвэл: 1.Сэтгэц болон зан үйлийн эмгэгтэй 695, гэмтэл согогийн өвчинтэй 529, дотрын өвчинтэй 473, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас тахир дутуугийн тэтгэвэр авдаг нийт 1697 иргэний мэдээлэлд хяналт шалгалт хийж байна.

 

2021-09-28 18:01:30