ЗАВХАН АЙМАГ 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД 20 САЯАС ДООШГҮЙ МОД ТАРИНА
410 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих тухай аймгийн Засаг даргын А/368 дугаар захирамж гарсан билээ. Энэ хүрээнд Завхан аймаг 2030 он хүртэл 20 саяас доошгүй /жил бүр 2 саяас доошгүй/ мод, бут сөөг тарих зорилт дэвшүүлээд байна. Эхний ээлжинд Идэр, Тэс, Завхан, Богд, Чигэстэй зэрэг томоохон голын ай сав дагуу мод тарина. Цаашлаад сум бүр ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болохыг зорьж байна.

 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагааг Улиастай, Их-Уул сумаас эхлүүлж иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцлоо.

Завхан аймгийн хэмжээнд ойн мэргэжлийн 57 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр байгууллагууд цаашид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний Улиастай, Их-Уул сум дахь нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөгжимт жүжгийн театр, Их-Уул, Тосонцэнгэл, Улиастай сумын Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Тосонцэнгэл, Түдэвтэй сум дахь Сум дундын ойн анги, ойн мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгууллаа. Энэ үеэр 111 аж ахуйн нэгж байгууллагын 396 албан хаагчид 7 га талбайд шинэс, гацуур, улиас, бургас, хайлаас, чацаргана гэсэн зургаан төрлийн 1000 ширхэг суулгац тарьлаа. Цаашид иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшлийн болон нийтийн эзэмшлийн талбайд мод бут тарьж “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-д нэгдэхийг уриалж байна.

 

2021-10-08 11:46:46