ЗАВХАН АЙМАГТ “МОНПЭН” САНААЧИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ
365 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эрүүл мэндийн яам ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хянах нэн шаардлагатай багцыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд  нэвтрүүлэх “МонПэн” загвар төслийг хэрэгжүүлсэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд тархины харвалтаас шалтгаалсан нас баралтын тоо Дархан-Уул аймагт 2.5 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 1.4 дахин буурчээ. Тиймээс энэ жилээс “МонПэн” санаачилга болгон өргөжүүлж Завхан, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Дархан-Уул аймаг, Сонгинохайрхан дүүргийн нийт 132 Эрүүл мэндийн төвд хэрэгжүүлэх юм. Баруун аймгуудаас Завхан аймгийг сонгож дөрвөн өдрийн цогц арга зүйн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Улам-оргих, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн, ЭМЯ-ны хэлтсийн дарга Л.Энхсайхан, Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Уянга, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Энхбат, Д.Оюундэлгэр, Г.Мөнхнаран, З.Цолмон, ДЭМБ-ын халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, ДЭМБ-ийн Зөвлөх Г.Цэцэгдарь, АШУҮИС-ийн Зүрх судлалын тэнхимийн ахлах багш Б.Бурмаа, УНТЭ-ийн Дотоод шүүрэл судлал, диабетийн төвийн дарга С.Янжмаа, орон нутгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд болон Сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Мөн энэ үеэр халдварт бус өвчний илрүүлэгт ашиглах шаардлагатай тоног төхөөрөмж, гарын авлагыг олголоо.

ДЭМБ-ын “Heart care” цахим функцыг программд нэвтрүүлснээр зүрх судасны өвчний 10 жилийн эрсдэлийг үнэлэх, артерийн даралт, глюкоз, хлостерин зэрэг  эрсдэлт хүчин зүйлсийн өөрчлөлтийг хянахад хялбар болж байна. Мөн зүрх судасны өвчний эрсдэл, чихрийн шижинтэй иргэдийн хяналт ч сайжирсан үр дүн гарсаар байгаа юм. Тиймээс “МонПэн” зөвхөн төсөл бус цаашид  тогтолцооны нэг хэсэг болж үргэлжлэх ёстойг мэргэжлийнхэн хэллээ.

 

2021-10-10 16:18:14