Монголчуудын эртний уламжлалт наадаан шагайн харвааг үе шаттайгаар сэргээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлах, сурталчилан таниулах, өв тээгчдийн ур чадварыг дээшлүүлэх, зөв хандлагатай иргэдийг төлөвшүүлэх зорилгоор Завхан аймгийн Засаг даргын захирамжаар “Даян мэргэн” төсөлт арга хэмжээг эхлүүлээд байна. Завхан аймаг бол шагайн соёлын өлгий нутаг юм. Ялангуяа “Сартуул шагайн харваа”-гаар сүүлийн 200 гаруй жил 5-6 үе дамжин харвасан харваачид цөөнгүй бий. Өнөөдөр аймгийн хэмжээнд 150 орчим шагайн харвааны соёлын өв тээгчид бүртгэлтэй байна. “Даян мэргэн” арга хэмжээг эхлэл үе, суралцахуйн үе, дэлгэрлийн үе гэсэн гурван үе шаттайгаар 2024 он хүртэл хэрэгжүүлснээр нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулж, монгол өв соёлын дархлааг бий болгохыг зорьж байгаа юм.
“Даян мэргэн” арга хэмжээний хүрээнд багш дасгалжуулагчдын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх, 33-аас доошгүй дугуйлан, клубыг байгуулах, сум бүр өсвөрийн болон насанд хүрэгчдийн багтай болж 1000-аас доошгүй шагайчид бэлтгэх, орон нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын арга хэмжээний нэгэн төрөл болгон хөгжүүлэх зэрэг олон ажлыг төлөвлөжээ. Эдгээр ажлын эхлэл болгож “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Шагайн харвааны найман клуб байгууллаа.
Шагайн харвааг сонирхол татахуйц олон төрөлт хэлбэрээр хөгжүүлснээр хүүхэд залуучуудад уламжлалт зан үйл, өв соёлын цогц мэдлэгийг түгээх, нийгэмд эерэг, зөв хандлага төлөвшүүлэх, улсын хэмжээний уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцох зэрэг олон үр дүн гарна гэж харж байгаа юм.