“КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД БЗДХ, ХДХВ, ДОХ-ООС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” НӨЛӨӨЛЛИЙН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
342 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг 2019-2021 онд улсын хэмжээд хэрэгжүүлж, эрсдэлт бүлгийн хүн амыг эрт илрүүлэг үзлэгт хамруулсны үр дүнд 2021 онд бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол нийт халдварт өвчний 4.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.8 дахин, жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тэмбүүгийн шинэ тохиолдол 0.8 хувиар, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 33 хувиар буурсан байна.

 

Аймаг, дүүргийн тэмбүү өвчний тохиолдол өмнөх оноос 43 хувиар буурсан хэдий ч Баянхонгор (8.1), Хөвсгөл (7.9), Ховд (6.9), Сүхбаатар (6.5), Дорнод (6.2), Төв (6.2), Өвөрхангай (6.2), Хэнтий (5.9), Дархан-Уул (5.7) аймаг, нийслэл (6.1) хэмжээнд улсын дундаж (5.5)-аас өндөр байгаа юм.

 

Цар тахлын үед БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээний тасралтгүй, тогтвортой байдлыг хангах, тулгамдсан асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход эрүүл мэндийн салбарын төдийгүй бусад салбарын оролцоо чухал.

 

Иймд шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нар, хүн амын эрсдэлт бүлэгт тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага, бусад салбарын аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан нөлөөллийн уулзалтыг өнөөдөр /2021-11-29/ Завхан, Хэнтий аймагт танхимаар зохион байгуулж, бусад аймгуудыг цахим хэлбэрээр оролцуулж байна.

Завхан аймагт танхимаар Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн төлөөлөл,  Хэнтий аймагт Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн төлөөлөл, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвд Нийслэлийн төлөөлөл тус тус оролцож байна.

Улс орон даяар зохион байгуулж буй энэхүү нөлөөллийн уулзалтад УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн Ерөнхий газар,  Аймгуудын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Цагдаагийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслийн Үндэсний зохицуулах зөвлөл, Хөтөлбөр зохицуулах нэгж, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл оролцож байна.

 Энэхүү уулзалтын үр дүнд шийдвэр гаргагч нарт нөлөөлөл үзүүлснээр цар тахлын үед БЗДХ, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагаа бодлогын түвшинд эрчимжиж, ХДХВ, ДОХ, БЗДХ-ын тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж үзэж байгаа юм.

 

2021-11-29 09:30:24