НҮБ-ын ерөнхий ассамблейгаас анх 1981 оны 12-р сарын 03-ны өдрийг ‘’Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр’’ болгон зарласан бөгөөд дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид 2009 онд нэгдэн орсон бөгөөд уг конвенцийн 29-р зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төр нийгмийн амьдралд оролцох эрхийг баталгаажуулсан байдаг.
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нийцүүлэн ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ хуулийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн нийгмийн халамж, асрамж хүртэгч гэж ойлгох ойлголт дэлхий даяар өөрчлөгдөж, тэдний сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх замаар нийгэмд баялаг бүтээгч болгон төлөвшүүлэхийг эрмэлзэх болсон.
2020 оны үндэсний статистикаас харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүн амын 4 хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхийн ядуурлын түвшин бусад өрхөөс 2 дахин их, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 хувь нь ажилгүй, 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 50 хувь нь сургуульд хамрагдаагүй, бичиг үсэг мэдэхгүй, 3-5 насны насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 64 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэсэн сэтгэл зовоосон статистик тоо байна.
Манай аймаг 73.2 мянган хүн амтай, үүнээс хөгжлийн бэрхшээлтэй хүн ам 3721 буюу нийт хүн амын 5,1 хувийг эзэлж байна. (2020 оны статистикийн үзүүлэлтээр)
Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бэрхшээлийн хэлбэрээр нь авч үзвэл: харааны бэрхшээлтэй 348 (9.4%), ярианы 117 (3.1%), сонсголын 321 (8.6%), хөдөлгөөний 895 (24.1%), сэтгэцийн 759 (20.4%), хавсарсан 178 (4.8%), бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй 1103 (29.6%) иргэн байна.
Аймгийн ЗДТГ, Улиастай сумын ЗДТГ, ИТХ, аймгийн ХХҮГ,Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, ЭМГ, НЭ, ГБХЗХГ, ХЖТ, багийн Засаг дарга нар, Отгонтэнгэр рашаан сувилал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хараагүйчүүдийн холбоо хамтран олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё, хандлагаа өөрчилж, хамтдаа хөгжье” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Үйл ажиллагааг аймгийн засаг дарга Д.Түвшинжаргал нээж үг хэлж тэдний эрх ашгийг ханган ажиллахаа илэрхийлж 2022 оны жилийн үйл ажиллагаанд иргэдэд зориулсан төвийн тохижилт үйлчилгээнд 20 сая төгрөг, үйл ажиллагаанд 4 сая төгрөг баталснаа танилцуулж цаашид бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийллээ. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалахад дэмжин ажиллаж байгаа Б.Тэрбиш, С.Энхцацрал, Б.Туяа Г.Должинсүрэн, Б.Намжилсүрэн нарыг аймгийн Засаг даргын Хүндэт буух бичиг, 200 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч амьдралаа өөд нь татаж яваа Мөнхбат, Очирбат нарын гэр бүлийг “Шилдэг гэр бүл”-ээр, Э. Сандуйжавыг “Шилдэг иргэн”-ээр, О.Энхбатыг “Шилдэг эцэг эх”-ээр шалгаруулж өргөмжлөл, тус бүр 100.000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай олимп Абу Даби хотод 2019 онд болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцсон Элбэгжаргалыг 8.5 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан батламжийг гардуулав.
Мөн үйл ажиллагааны үеэр Улиастай сумын Засаг дарга Ч. Наранбат үг хэлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бодлогоор дэмжин ажиллахаа илэрхийлж шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад нэг сая төгрөгийн хандив, Гарьд сангаас мөн нэг сая төгрөгийг санд өгөхөө илэрхийллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдрөөр аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний төв, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Х.Х.Ү.Г зэрэг байгууллагууд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, иргэдэд хууль, эрүүл мэндийн багц үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж зэргийг хэрхэн авах талаар мэдээлэл зөвлөгөө өглөө.
Аймгийн 2021 оны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд таван сая төгрөг төсөвлөж, 2021 оны аймгийн засаг даргын Захирамжаар "Цагаан таягтны эрхийг хамгаалах өдөр", Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спортын тэмцээн уралдаан, АХА, дууны уралдаан зэрэг арга хэмжээнүүдэд дээрх зардлыг гаргасан байна.
Мөн үйл ажиллагааны үеэр Отгонтэнгэр рашаан сувилалын газар хэрхэн амарч сувилуулах талаар мэдээлэл өгч, 10 хүнд амрах эрхийн бичиг олгов.
Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад зөвхөн тэмдэглэлт өдрөөр арга хэмжээ зохион байгуулах бус, орон байрны асуудлыг шийдэж, тэднийг сурч хөгжих боломж бололцоогоор ханган, шаардлагатай тусгай хэрэгслүүдийг бий болгон, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй, тэгш, чанартай авах нөхцөл бололцоогоор хангахад бодлогоор дэмжин шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг хэллээ.