ЗАВХАН АЙМГИЙН ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
291 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Төрийн аудитын газар, Санхүүгийн хяналт, аудитын алба, Татварын хэлтэс хамтран  “Завхан аймгийн төсвийн байгууллагын санхүүгийн ажилтны зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Улиастай суманд үйл ажиллагаагаа явуулж буй бүх төсөвт байгууллагын нягтлан бодогч, 24 сумын Санхүүгийн албаны дарга, төсвийн мэргэжилтэн, нягтлан бодогч, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын нягтлан бодогч, Төрийн аудитын газар, Санхүүгийн хяналт, аудитын алба зэрэг байгууллагын 200 гаруй албан хаагч оролцож байна.

Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нээж үг хэллээ. Тэрээр, Улс орон даяар төсвийн хэмнэлтэд шилжсэн энэ үед төрийн хяналт шалгалтын байгууллага, төсвийн захирагч, нягтлан бодогч, санхүүгийн мэргэжилтнүүд хариуцлагатай ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ үр дүнтэй биелүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын төсөв захирагч, нягтлан бодогч нар батлагдсан төсөвт зохицуулж үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. Гэтэл өр тавьчихаад хэн нэгнээр барагдуулах ёстой мэт байж болохгүй. Үүний цаана мөн л хариуцлагын асуудал яригдана. Төсөв ил тод, хэмнэлттэй, зарчимтай, шударга байх ёстой. Нэг байгууллагат олон жил ажилласан албан хаагчдын ажлын бүтээмж, идэвх санаачлага мууддаг. Тиймээс цаашид нягтлан бодогчдыг сэлгэж ажиллуулна. Өнгөрсөн жил сумдын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг 100 хувь олгож, аймгийн Засаг даргын нөөц санг үр дүнтэй зарцуулсан. Хуулийн дагуу аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй удирдлагуудыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авна. Цаашид төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавих зорилго бүхий “Төрийн хэмнэлтийн хууль”-ийг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болголоо.

 

Завхан аймаг 2022 оныг “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан урилгаар Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор М.Баянмөнх “Нягтлан бодогчийн ёс зүй, менежерийн ур чадвар, манлайлал” сэдвээр илтгэл тавилаа.

 

Мөн аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар “Улс орон нутгийн төсвийн харилцаа”, Төрийн аудитын газрын дарга Д.Бат-Ундраа “Төрийн аудитын шинэчилсэн хуулийн тухай”, Татварын хэлтсийн дарга Л.Содном “НӨАТ-ын цахим төлбөрийн баримт, татварын орлогын бүртгэлийн талаар анхаарах асуудлууд”, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Чадраабал “Санхүүгийн хяналт шалгалтын өнөөгийн байдал, анхаарах асуудлууд”, Төрийн аудитын газрын хэлтсийн дарга, аудитын менежер Б.Дагвасүрэн “2019-2021 оны санхүүгийн тайлан баталгаажуулалтын аудитаар илэрсэн нийтлэг зөрчил болон цаашид анхаарах асуудлууд”, Төрийн аудитын газрын ахлах аудитор Д.Оюунжаргал “Үндсэн хөрөнгө, бараа материалын бүртгэл”, Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Б.Энхтүвшин “2021 оны санхүүгийн нэгдсэн тайлан, анхаарах асуудлууд”, Завхан аймаг дахь Монгол банкны салбарын захирал Б.Амартүвшин “Санхүүгийн зах зээл ба койн түүний эрсдэлүүд”, ХБТХО-ын хэлтсийн мэргэжилтэн Ж.Лхагвасүрэн “ОНХС-ийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр тус тус мэдээлэл өгч тодорхой шийдвэрүүд гаргана. Цаашид Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулга,  Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулан зөвлөн тусалж ажилласнаар ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж, гарч буй зөрчлийг тодорхой түвшинд арилгах зорилго тавин ажиллаж байна.

 

2022-05-30 12:43:46